Нүхэн гарц “нүхэнд” унах нь ээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Нүхэн гарц “нүхэнд” унах нь ээ

Одоогоос яг нэг жилийн өмнө 29,7 метр урттай, 10 метрийн өргөнтэй нүхэн гарцыг барьж эхэлжээ. Энэ бол хүмүүсийн хэлдгээр “Багшийн дээд”-ийн урдах нүхэн гарц юм. Албан нэрээрээ бол  “Йонсейн” нүхэн гарц гэдэг аж.  Мэргэжилтнүүдийн судалж гаргаснаар бол ажлын өдрүүдийн 8.00-9.00,13.00-14.00,18.00-19.00 цагийн хооронд ачаалал хамгийн их байж 3600 хүн зорчдог учир иргэд замын осолд өртөх магадлал өндөр гэж үзэн нүхэн гарцыг барихаар болсон билээ. Гүйцэтгэгч байгууллагаар нь “Хотын зам” компани тодорч, хоёр сарын хугацаанд барихаар болж тендерийг нь авсан билээ. Нүхэн гарц барих ажилд зориулж улсын төсвөөс нийт 562 сая төгрөгийн хөрөнгийг гаргажээ.
Тухайн үедээ олон судалгааны үндсэн дээр, нарийн төлөвлөсөн зургийн дагуу хийж гүйцэтгэсэн учир таван жилийн баталгаа өгч байна гэцгээж байв. Тэгээд ч төлөвлөсөн хугацаандаа барьсан болохоор хүмүүс ч итгэлтэй байлаа. Гэтэл өчигдрийн орсон нэг л бороонд чанараа таниулж доошоогоо суулт өгөөд эхлэв. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хийсэн нүхэн гарц одоо өөрөө аюултай байдалд хүрчихээд байна. Ашиглалтанд ороод нэг ч жил болоогүй байгаа юм шүү дээ, уг нь. Хоёр сарын хугацаанд тэндхийн замыг хаан байж энэ нүхэн гарцыг барьсан. Гэтэл өнөөдөр энэ ажлын үр дүн нь алга. 2009 оны намар тухайн үеийн Ерөнхий сайд С. Баяр ажлын явцтай танилцаж байх үед л барилгын ажил нь зураг төслөөсөө зөрж байгаа тухай ярьж байв. “Яагаад өмнөх ажлаа дуусгаагүй байгаа компанид энэ ажлыг өгчихсөн юм бэ” гэж С. Баяр уулга алдаж байсан удаатай. “Хотын зам” компанийхан энэ ажлын өмнө Маршалын гүүрний засварын ажил авчихаад дуусгаагүй байсан учраас ийм яриа гарсан билээ. Одоо 3,9 тэрбумын хөрөнгө оруулалтаар хийсэн Маршалын гүүр нь дуусаагүй, дээр нь 562 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн нүхэн гарц нь суулт өгөөд эхэлчихсэн байдаг.

Нүхэн гарцыг ашиглалтад өгчихсөн нь үнэн л юм бол ашиглалтын горим дээр нь анхаарлаа хандуулж хяналт тавих хүн байх ёстой. Гэтэл өнөөдөр манайх ашиглалтад өгсөн л бол гүйцээ гэсэн жишиг үйлчлээд удаж байна. Анх баригдаж байх үедээ зураг төслөөсөө зөрсөн гэж шуугиан гарч байхад нь л анхаарлаа сайн тавих ёстой байсан юм биш үү,эрхэм дарга нар аа . Баригдаж байх үедээ цагдаагийн пост, худалдааны цэгүүд байна гээд л сүржин “пи-ар” яваад байсан. Тэр нь ч бас алга.  Тас харанхуй хонгил л бариад өгсөн бололтой юм. Уг нь дотор талдаа үйлчилгээний тох тоухыг хангасан үйлчилгээний цэгүүд байна гээд байсан чинь одоо харин ч эсрэгээрээ. Хүмүүс нь гаднаа худалдаа хийгээд сууж байна. Ер нь энэ нүхэн гарцыг одоо л анхаарахгүй бол олон хүний аминд хүрч мэдэхээр байна. Энэ гарц өөрөө хотын хамгийн ачаалалтай бүсэд оршдог. Дээгүүр нь олон тооны машин, техник зөрж байгаа. Энэ ачааллыг цаашид даах эсэхийг мэдэж байгаа хүн ингэхэд байгаа юм уу.

1970-аад оны үеэр зүүн Европын нэгэн улсад нүхэн гарц нурж 100-аад хүний амь насыг авч одсон эмгэнэлтэй хэрэг гарч байж. Тухайн үедээ тэр гарц 30 жилийн настай байв. Хотын удирдлагууд нь хэл амны бай болж, шинэчилж бариулсан гэдэг. Тэгээд одоо хүртэл энэ нүхэн гарц ямар нэгэн асуудал үүсгэлгүй байсаар байна. Гэтэл манайд байгаа нүхэн гарц бол ашиглалтад ороод нэг ч жил болоогүй байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ одоо суулт өгөөд байж байдаг. Нэгэнт л хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм чинь тэр чинээгээрээ сайн чанарын материалаар барьсан баймаар. Тэгээд ч анх ашиглалтад өгөхдөө “ойрын таван жилдээ ямар ч асуудал үүсгэхгүй” гэж байсан нь яасан бэ.  Төсөвлөсөн хөрөнгөөр нь хийсэн нь үнэн л бол юм бол“насны юм” хийчихэж хүрэхээр л мөнгө байсан хэрэг. Гэтэл энэ мөнгө нэг өдрийн бороо, өдөр болгон дээгүүр нь сүлжилдэх машинд дайруулаад л алга боллоо.

“Хотын зам” компани өмнө нь хариуцсан ажилдаа бас л хариуцлагагүй хандаж байсан бол өнөөдөр хурдан шуурхай хийсэн нүхэн гарцын ажил нь ч бас нурах дээрээ тулаад байна. Энэ компанид хариуцлага тооцох хүн өнөөдөр алга. Ерөнхий сайдаас ч айдаггүй зүрх зоригоос нь бэргээд байдаг юм биш биз дээ. Тэр хүнээс бэргэх ч яах вэ, гэнэт учрах аюулаас айж сэрэмжилбэл яасан юм бэ, хотын дарга аа. Өөр хариуцсан яамны сайд гээд энэ тэр гээд хүмүүс байдаг бол зөвхөн энэ ч биш пдараа параагийн захилагадаа анхаарах хэрэгтэйг хэлээд өгөх шиг боллоо. Дээд байгууллага нь даалгасан нэртэй, хийсэн байгууллага нь ажилласан нэртэй ийм л нэг нүхэн гарцыг барьсан юм байж. Гэтэл энэ нүхэн гарцаар өдөрт олон хүн орж, гарч байгаа. Энэ хүмүүсийн эрх ашиг, аюулгүй байдалд анхаарал хандуулах нь эхний хийх зүйл байх. Харин дараа нь хариуцлага тооцох эсэхийг харж л байя. Энэ байдалд хотын удирдлагууд яаралтай анхаарч арга хэмжээ авахгүй бол нүхэн гарц “нүхэнд унах” нь байна. Гол нь дпотор нь амьд хүн явж байдаг…

Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од:

Сүртэй эвдрэл биш, засаад эхлэх юм бол 2-3 цагийн л ажил

-Багшийн дээд сургуулийн өмнөх нүхэн гарцыг ерөнхийдөө бид хариуцдаг. Сая үүссэн суултыг нь бид очиж харсан. 20-30 см л газар байна лээ. Ер нь бол энэ эвдрэл нүхэн гарцдаа бол нөлөөлөхгүй, сүртэй эвдрэл биш. Хариуцаж байгаа нь бид. Тиймээс анх зассан компанид нь өгчихнө. Засварын ажил эхлэх л юм бол 2-3 цагийн ажил. Санаа зовоод байх зүйл байхгүй ээ.

“Хотын зам” ХХК-ны ерөнхий инженер С.Төмөрбаатар:

Засварын ажил төдийд  эхэлнэ гэж тодорхой хэлж чадахгүй

-Багшийн дээдийн нүхэн гарц суулт өгсөн байна гэдгийг мэдсэн. Нийслэлийн авто замын газар үүрэг өгсөн. Одоо бид зургийн төслийг нь дахин хийж байна. Засахын тулд өмнө нь хийсэн зургаа дахиж сайн харах ёстой. Одоо зураг төслийн ажил явж байгаа болохоор хэдийд, төдийд эхэлнэ гэж тодорхой хэлэх юм алга.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж