Гурилын үнэ хэрүүлийн алим болов

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ хэрүүлийн алим болов

Гурилын үнэ нэмэгдсэн хэмээх асуудал хүмүүсийн анхаарлын төвд байна. Үүнтэй холбоотойгоор өрнөсөн үйл явц болон, талуудын байр суурийг нэгтгэн хүргэж байна.

2010.08.16-ны даваа гариг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэр бүхий дөрвөн компани үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн гэж мэдэгдэв. “Алтан тариа” болон “Улаанбаатар гурил”, “Милл Хаус”, “Аляска Импекс” компаниуд наймдугаар сарын 2-ны өдөр нэгэн зэрэг үнээ нэмсэн нь үгсэн хуйвалдсаныг баталж байна гэж үзэн  тус компаниудад тус бүр 250 мянган төгрөгний торгууль ногдуулахаа илэр­хийлэв.

2010.08.17-ны мягмар гариг. “Алтан тариа” компани “Зах зээлд үү­сээд буй гурилын үнийн талаар Төрөөс гаргасан худал хуурмаг мэдээллээс болж тус компанийн хэрэглэгч, харилцагчдад хүлээлт үүсгэж бизнест нь саад учруул­сан, байгууллагын нэр хүндэд халдсан үйлдлээс болж бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхэд хүргэж байна. Мөн эдгээр хүчин зүйлээс үл хамааран цаашид бүтээгдэхүүний үнэ зах зээлийн жамаар өсөх болно” гэсэн мэдэгдэл гаргав.

2010.08.18-ны лхагва гариг. “Алтан тариа” компанийн гурилаас мөнгөн ус илэрчээ гэсэн дуулиан дэгдэв. Баянгол дүүргийн 12 дугаар хороонд оршинд суудаг Х.Оюунбат наймдугаар сарын 12-нд худалдан авсан гурилаас нь зургаан хоногийн дараа мөнгөн ус илэрлээ гэсэн. Гомдлын дагуу Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нэг, Цагдаагийн хэлтсээс хоёр, Мэргэжлийн хяналтаас хоёр албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж дээжээс шинжилгээ авсан гэв.

2010.08.19-ны пүрэв гариг. “Алтан тариа” компаниас“Гурилын үйлдвэрт мөнгөн ус хэрэглэгддэггүй бөгөөд энэхүү шоу нь цаанаа захиалагчтай, хэсэг бүлэг хүмүү­сийн манай компанийн нэр хүн­дийг унагаж өөрсдийн бизнесээ цэцэглүүлэх гэсэн бусармаг хар үйл ажиллагаа гэдгийг иргэд та бүхэн ухамсарлан ойлгож байгаа гэдэгт найдаж байна. 

Гурилын үйлдвэр нь буудай шинжлэх, хүлээн авах, цэвэрлэх, тээрэмдэж гурил болгох, гурил савлах, борлуулах гэсэн үндсэн дамжлагуудтай.  Бүх дамжлага автоматжуулсан компьютерын нэгдсэн удирдлагатай бөгөөд дамжлага бүрт хоёр цаг тутам мэдрэхүйн эрхтний болон үндсэн үзүүлэлтүүдийн шинжилгээг тогтмол хийдэг онцлогтой.

Эндээс харахад гурилын үйлдвэрт огт хэрэглэгддэггүй мөнгөн ус гу­рилд үйлдвэрлэлийн явцад орох ямар ч үндэслэл байхгүй бөгөөд  дэлгүү­рийн лангуу, агуулах болон, гэрт хадга­лагдахдаа ахуйн шинжтэйгээр гурил руу дамжин орсон байх магадлалтай юм. Зориуд санаатайгаар гурил руу хийсэн үйлдэл ч байж болно. Дээжинд хийсэн шинжилгээний эц­сийн хариу гараагүй байгаа бөгөөд энэ­хүү хариу гарснаар олон зүйл тодорхой болж шударга үнэн ялах байх гэж хүлээж байна. Бид компанийн нэр хүндэд халдсан энэхүү зохиомол хэргийн цаад эздийг тог­тоож, шүүх цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх болно” гэсэн тайлбар гаргалаа.

2010.08.19-ний пүрэв гариг: Монго­лын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдэл гаргав.   “Зах зээл рүү дайрч давшлахаа больц­гооё” гэсэн гарчигтай мэдээлэлд:
“Зах зээл рүү дайрахаа больцгооё оо! Зах зээлд харин саад болж буй, түү­нийг зохицуулна гээд зах зээлийг гажуу­дуулдаг маш олон төрлийн хүнд суртал, хэрэггүй зөвшөөрөл, зохицуу­лалт руугаа л дайрч тэдгээрийгээ арил­гацгаая. Бид чинь “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” гэж зарлаад байгаа хэрнээ чухамдаа зах зээлийн эрх чөлөөг боогдуулсан, авил­гал үүсгэсэн, ингэс­нээрээ эдийн за­сагт гажуудлууд үүс­гэж инфляцийг хөө­рөгддөг буруу бодлогоосоо татгалзах гэж янз бүрээр оролдоод байгаа биш билүү. Эцэст нь хэлэхэд гурилын үнэ зах зээл дээр өссөн бол хоёр л хариулт байгаа:

1.    Зах зээлийн жам ёсны хууль үйл­чилж байна.
2.    Эсвэл энэ хуулийг гажуудуулсан төр буруугаа бусад руу чихэж байна гэсэн үг.
Хоёр дахь хариулт үнэнд ойртох бөгөөд гурав дахь буюу компаниуд буруутай гэсэн хариулт байж таарахгүй. Яагаад гэвэл хоёр дахь хариулт дэндүү ойлгомжтой байна. Тиймээс ард түмэн, төр хоёрын бизнесийн таатай түншлэл зөв бодлогоор явах хэрэгтэй болоод байна” гэсэн байна.   
Мөн энэ өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах хэвлэлд ярилцлага өгсөн байна.  “Үгсэн хуйвалдсан гэдгээ бичээд баримт үлдээдэг тэнэг хүн байхгүй болсон” гэсэн гарчигтай ярилцлагад:

-Энгийн утгаар ч гэсэн торгуулж байгаа ямар ч хүн би сайхан торгууллаа шүү гэж хүлээж авахгүй биз дээ. Хэнд ч торгууль шийтгэлийг эсэргүүцэх эрх бий. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд манайх шатахуун импортлодог аж ахуйн нэгжүүд болон Аудитын компаниудын үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн асуудлыг шийдвэрлэж байсан. Мэдээж тэд бид нар ийм зүйл хийгээгүй гээд хүлээн авахгүй асуудлыг шүүхэд өгч байсан ч шүүхээс үгсэн хуйвалдсан нь үнэн байна аа гэдгийг тогтоосон шүү дээ. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах эрх нь нээлттэй. Энэ удаад манайх ганцхан “Алтан тариа” ХХК-г онцлоод л хууль зөрчжээ гэж хэлээгүй. Хууль зөрчсөн үйл ажиллагааг дөрвөн компани хийсэн. Уг нь тус компани улсын байцаагчийн тавьсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол эхлээд улсын байцаагчийн тавьсан дүгнэлтийг улсын ерөнхий байцаагчид тавиад тэр нь шийдвэрлэхгүй бол шүүхэд хандаж болно. Гэтэл ингээгүй байж төрийн байгууллагын нэр хүндийг унагааж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж байгаа нь өөрсдөө ямар ч ёс зүйгүй, хуулиа дээдэлдэггүй байдлыг харуулж байгаа биз дээ. Тэгээд ч энд нэг зүйлийг нэмж хэлэхэд бидний гаргасан шийдвэрт худал хуурмаг, хэн нэгний нэр төрд халдсан, улс төрийн зорилготой зүйл огт байхгүй бөгөөд хуульд заасан үүргийхээ дагуу ажиллаж, итгэл үнэмшлээрээ гаргасан шийдвэр юм гэсэн байна.

Ийнхүү гурилын үнэтэй холбоотой асуудлаар талууд байр сууриа илэр­хийлэн, бүр гэнэт олдсон мөнгөн усны хэмээх “хэрэг”-ээр ч чимэглэж орхив. Дээр дурдсан мөнгөн ус илэрсэн хэмээх дээжийн шинжилгээний хариу өнөөдөр гарах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж