20 гаруй мянган оюутан орох оронгүй үлдэх нь ээ

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

20 гаруй мянган оюутан орох оронгүй үлдэх нь ээ

Зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хот тун удахгүй оюутан сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдах нь. Хичээлийн шинэ жил эхлэхээр хөдөө орон нутгаас жилд дунджаар 30-35 мянган оюутан ирдэг.  Их дээд сургуулд суралцахаар нийслэл хотыг зорин ирэх тэдэнд саад бэрхшээл бишгүй тулгарна. Тэр олон асуултын тэмдэг бүхий зүйлсээс хамгийн чухал нь амьдрах газар. Зарим нэг боломжтой айлын хүүхдүүд нь 1-2 өрөө орон сууц хөлслөн тохь тухтай амьдардаг бол олонх нь оюутны байр бараадахаас аргагүйд хүрдэг. Гэтэл оюутны байр нь ч олдоц муутай байдаг нь гачлантай. Өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус зуу гаруй их дээд сургуулийн 45 нь буюу  тал хүрэхгүй хувь нь л дотуур байртай. Тэдгээрт ердөө л 13-15 мянган оюутан амьдрах багтаамжтай аж. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 20 гаруй мянган  оюутан үнэндээ орох оронгүй үлдэж байгаа юм. Тэд хаачих вэ. Нэг хэсэг нь хямд төсрийг нь харж  орон сууцны хонгилд,  нөгөө хэсэг нь айлын хажуу өрөө, эсвэл нийтийн байр хөлсөлнө. Бүр боломжгүй  нь хотод амьдардаг хамаатан садныхаа гэрийн зайнд толгой хоргодно. Олон зуун сая төгрөгөөр намын байр, төрийн ордон барьж байхаар эх орны ирээдүйн боловсон хүчин болон бэлтгэгдэж байгаа оюутнууддаа  дотуур байр баривал хамаагүй үр дүнтэй  бус уу. Төрийн өмчийн сургуульд суралцаж байгаа нэгдүгээр курсын оюутнуудын хувьд эхний жилдээ дотуур байрны асуудалд толгой гашилгах хэрэггүй. Учир нь дөнгөж хөдөөнөөс ирж, хотын амьралд дасаагүй шинэхэн оюутнуудаа эхлээд авдаг журам тогтоод удаж байгаа.  Харин  хоёр, гурав, дөрөвдүгээр курсынхны хувьд  жинхэнэ дайн гэгч эхэлнэ дээ. Дотуур байранд орохын тулд хонон өнжин дугаарлаж, зарим нь тэсэхээ байгаад айраг цагаа, мах шөлөөс авахуулаад нутгаасаа авчирсан бүхнээ байрны коминдатад барих тохиолдол ч цөөнгүй гардаг.  Жил бүр хэл ам дагуулж, оюутнууд нь  багтаамжаасаа хэд дахин хэтэрдэг МУИС, МУБИС, ШУТИС гэх мэт томоохон сургуулиуд энэ жил ч бахь байдгаараа оюутнуудаа угтах нь. Дахиад л бөөн дараалал, уур бухимдал, хэрүүл маргаан үүсэх биз. Орон нутгаас олон мянган оюутан элсүүлдэг МУИС-ийн дотуур байрны хүрэлцээ ямар байгаа талаар тус сургуулийн Аж ахуй, хангамж хариуцсан мэргэжилтэн н.Цэрэнноролхоогоос тодрууллаа.

-Танай сургууль энэ жил хэдэн оюутан дотуур байрандаа авах вэ?
-Энэ хичээлийн жилд дөрвөн дотуур байрандаа нийтдээ 1445 оюутан хүлээн авахаар болсон. Эхний ээлжинд нэгдүгээр курсын оюутнуудаа хамруулна. Нийтдээ 1197 нэгдүгээр курсын оюутан хүлээн авна. Хоёр ба түүнээс дээш курсынхнээс  237  оюутан авах боломжтой.

-Тэгэхээр цаана нь олон зуун оюутан байргүй үлдэнэ. Байраа өргөтгөх, шинэ бай барих боломж бололцоо юу байна?
-Тиймээ. Дотуур байранд амьдрах хүсэлтэй олон мянган оюутан байдаг. Бидний хүчин чадал л энэ шүү дээ. Нэг өрөөнд 4-5 оюутан амьдарч байна. Шинэ байр барих, өргөтгөх зайлшгүй шаардлагатай байгаа нь үнэн. Хөрөнгө мөнгөний  асуудал гэж хэцүү юм байна шүү дээ.

-Хэзээнээс оюутнуудаа хүлээн авч эхлэх вэ?

-Энэ сарын 25-аас сургуулийн бүртгэл эхлэхээр дотуур байрны бүртгэлийг давхар хийнэ.Бүртгэж дуусаад есдүгээр сарын 3-аас эхлэн оюутнуудаа авч эхлэх байх.

-Дотуур байрын засварын ажил дууссан. Их засвар хийсэн байр байгаа юу?
Засварын ажил дуусах шатандаа явж байна. Энэ сарын 25 гэхэд дотуур байрны бэлэн байдлыг шалгана. Бүх байрууд шаардлагатай хэсгүүдэд урсгал засвар хийсэн. Харин их засвар хийсэн байр байхгүй гэсэн хариултыг өглөө.

 2008 онд  БСШУЯ, Монголын оюутны холбоо хамтран баталсан “Оюутны дотуур байрны стандарт” гээч зүйл бодит байдал дээрээ биелэлээ олох яагаа ч  үгүй байна. Уг нь өнгөрсөн зургадугаар сард энэ намраас эхлэн хэрэгжүүлнэ гэж байсан ч цагаа тулахаар юун стандарт манатай болох нь гарцаагүй боллоо. Юутай ч батлан гаргасан стандартад  дөхөж очсон дотуур байр байгаа эсэхийг тодруулахаар МОХ-ны ги­шүүн Ж.Жамбалдагватай уулзлаа.

-Та бүхний санаачлан баталсан оюутны дотуур байрны стандартыг хангах байр байна уу?

-Бид оюутны дотуур байрны стан­дартыг баталж, сургууль бүрт хүргүүлсэн.Гэхдээ энэ бүхэнд хугацаа хэрэгтэй. Одоогоор стандартыг 100 хувь хангасан байр хараахан алга. Харин сүүлд шинээр баригдсан ХААИС-ын дотуур байр нэлээд дөхөж очих байх. Мөн ЭМШУИС-ын Сувилахуйн сургуулийнхан бидний санаачлагыг дэмжиж өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан агаар­жуу­лалт, ариун цэврийн өрөөний хүрэл­цээ зэрэгт анхаарч байгаа. Ирэх сард бид албан ёсны шалгалт хийнэ. Энэ бол нэг ололт гэж бодож байна.

-Оюутны байрны хүрэлцээ тун хангалтгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нэг оюутанд дөрвөн ам метр талбай оногдоно гэдэг ойрын хэдэн жил мөрөөдөл төдий л байх болов уу?
-Тиймээ. Хүрэлцээ үнэхээр хангалтгүй байгаа. Гэхдээ бид аливаа зүйлийг болох талаас нь харж, үр дүнг нь үзэх нь чухал. Жил бүр олон мянган оюутан элсүүлж, төлбөрөө бас нэмж болоод байгаа юм чинь оюутнуудаа амьдрах байраар хангах ёстой гэлээ.
Оюутны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй оюутны холбооны гишүүдийн санаачлагад буруу юм байхгүй.  Дотуур байрны  стандартад нийтийн гал тогоо, угаалгын болон хувцас хатаах өрөө, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулсан явган хүний шат, гаднах талбайд тохижилт, эрэгтэй эмэгтэй оюутны тооноос хамаарсан ариун цэврийн өрөө, нэг оюутанд дөрвөн ам метр талбай, өрөө бүрийг интернэттэй холбох зэрэг шаардлагыг тавиад байгаа юм. Эдгээр шаардлагаас биелэлээ олох хараахан болоогүй  зүйл олон бий. Дотуур байранд амьдрах зайлшгүй шаардлагатай оюутныхаа тал хувийг л дөнгөж аргалж байгаа энэ үед эхлээд хүрэлцээнийхээ асуудлыг шийдэх хэрэгтэй байх. Харин дараа нь стандартаа ярьж болох юм. Ядаж л төрийн өмчийн сургуулиуд нь шинээр дотуур  байр барих, өргөтгөх ажлыг яаравчилж, хувийн өмчийн сургуулиудад магадлан итгэмжлэл олгохдоо стандартад нийцсэн дотуур байртай байх шаардлага тавьдаг баймаар.
Тун удахгүй амьдрах байрны төлөөх  тэмцэл эхлэх нь дээ.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж