“Камертон”-ы тасалбарыг өнөөдрөөс зарна

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

“Камертон”-ы тасалбарыг өнөөдрөөс зарна

 Монголын анхны хөвгүүдийн хамтлаг “Камертон”-ыхон 15 жилийнхээ ойгоо нижгэр тэмдэглэж байгаа. Тэд өнгөрсөн зургадугаар сард улаан хивсний ёслолоор төрсөн өдрийнхөө арга хэмжээг эхлүүлж байсан бол энэ сарын 28-нд нийт фенүүддээ зориулан Төв цэнгэлдэх хүрээлэнд шоу тоглолтоо хийх гэж байна. 4000 төгрөгний үнэтэй тоглолтын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ. Тасалбарыг Hi Fi-ийн бүх салбарууд болон явуулын кассаар борлуулж байгаагаас гадна 1905 руу залган гэртээ үнэгүй хүргүүлэх боломжтой. Хамтлагийн гишүүд 15 жилийнхээ ойн арга хэмжээний тоглолтыг  хамгийн сайхан, бас чанартай болгох үүднээс АНУ-аас гэрэл техникээ авчран, хөгжмийн инженер урьжээ. Тэдний тоглолтод ажиллах инженерүүд нь одоо Сингапурт болж байгаа хүүхдийн олимпын арга хэмжээн дээр ажиллаж байгаа бөгөөд Бритни Сперс, Аэрон Смит, Пинк Лойт, зэрэг нэртэй оддын тоглолтыг зохион байгуулдаг дэлхийд гайхагдсан чадварлаг мэргэжилтнүүд гэнэ.
 Тоглолтыг маш нарийн зохион байгуулж байгаа учраас ямар нэгэн замбараагүй зүйл гарахгүй гэж тэд онцолж байна лээ. Мөн Төв цэнгэлдэхийн хаалга өдөр 15 цагаас онгойж “Камертон”-ыхонд баяр хүргэх хамтлаг дуучид, хошин шогийнхны тоглолтоор эхлэх юм байна. Түүний дараа оройн 20 цаг 10 минутаас Камертончууд тайзнаа заларч жинхэнэ амьд хөгжим, амьд дуулалттай, гэрэл хөгжмийн гайхамшгийг харуулсан тоглолтоо эхлүүлэх гэнэ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж