Бан Ги-мүүн захидал ирүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Бан Ги-мүүн захидал ирүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүүн захидал ирүүллээ. Уг захидалд: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчөө, Ази тивийн хамгийн өргөн хуурай нутаг болох говийнхоо элсэн дунд Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааныг явуулах санаачлагыг Та гарган, энэ хуралдаан болох гэж байгааг маш их сонирхон хүлээж авлаа. Таны гаргасан шинэлэг санаачлагаар явагдах энэхүү хурал Монгол оронд болж буй хурдацтай цөлжилт, өргөн утгаараа цаг уурын өөрчлөлтийн дэлхий нийтэд үзүүлж буй нөлөө хурдасч байгаад илүү их анхаарал хандуулахыг санал болгоё.
 
Танай сайхан оронд 2009 оны 7 дугаар сард айлчилж, Та бүхнээр зочлуулсан маань их хүндэтгэлтэй юм. Хустайн нурууны дархан цаазат газарт зочлохдоо миний бие цаг уурын өөрчлөлт, цөлжилт малчин айлуудад хэрхэн нөлөөлж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн.  
 
Монголд хийсэн айлчлал маань надад гүнзгий сэтгэгдэл үлдээж, цаг уурын өөрчлөлтийн аюулыг бууруулах, байгаль дэлхийн нөөц баялаг, түүний дотор үржил шимгүй хуурай газрыг хамгаалахын чухлыг надад мэдрүүлсэн юм. Говьд болох Монгол Улсын Засгийн газрын хуралдаан оролцогчиддоо мөн ийм сэтгэгдэл төрүүлнэ гэж найдаж байна.
 
Нэгдсэн Үндэстний Байгууллага “Цөл нутгууд, Цөлжилтийн эсрэг тэмцлийн арван жил”-ийг энэ сард зарласан бөгөөд 2020 оны 12 дугаар сар  хүртэл энэ арга хэмжээ үргэлжилнэ. Зуу орчим орны нэг тэрбум гаруй ард иргэдийн амьдралд аюул учруулж байгаа цөлжилт амин чухал асуудал юм. Цаг уурын өөрчлөлт, хөдөө аж ахуйн тогтворгүй хөгжил, усны нөөцийг замбараагүй ашигласнаас болж газрын хөрс доройтож байгаа нь хүнсний аюулгүй байдал, өргөн цар хүрээгээрээ дэлхий нийтийн аюулгүй байдалд аюул учруулжбайгаа.
 
Цаг уурын өөрчлөлт нь цөлжилтийг түргэсгэж байна. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцсэнээр бид цөлжилтийг сааруулах юмуу зогсоож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулж чадна. Үүнд улс орнууд, бүс нутгийн хүчин чармайлт юу юунаас чухал. Эдгээр асуудалд Монгол Улсын Засгийн газар, бүс нутаг, дэлхий дахины анхаарлыг хандуулж байгаа Таны санаачлагыг би халуун дотноор хүлээн авч байна.
 
“Цөл нутгууд, Цөлжилтийн эсрэг тэмцлийн арван жил”-ийг бид эхлүүлж байгаатай холбогдуулан бүх улс орны Засгийн газрыг газраа тэтгэж, манай гаригийн цаг уур, байгаль орчныг хамгаалах ажлаа эрчимжүүлэхийг би үргэлжлүүлэн уриална. Ган, цөлжилт, байгалийн эрс тэс уур амьсгал түргэсч байгаад Монгол Улс болон бусад орнууд дасан зохицоход туслахын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чадах бүхнээ хийсээр байх болно гэдгийг би Танд баталж байна.
 
Говьд болж байгаа Танай Засгийн газрын хуралдаан, дээр дурьдсан хүндрэл бэрхшээлийг даван туулахын төлөө цаашдын бүх ажилд Тань амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Таныг хамгийн ихээр хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу” гэснийг Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж