Ном уншвал эдлэх ялын хугацаанаас таван хоног хасуулна

2014 оны 10 сарын 6

Монголын Залуучуудын Холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Нарантээл” ХХК - тай хамтран "Номоор нээе" төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Хорих ангид хүмүүжигч ном уншиж шагналын хоног тооцуулах  ардчилсан, хүмүүнлэг, иргэний төсөл гэдгийг төсөл санаачлагчид онцолж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 6000 гаруй  хүн ял эдэлж байна. Тэдний олонх нь  буюу 90 гаруй хувь нь бичиг үсгийн боловсролтой  залуучууд учир дээрх төсөл бодитой үр дүн өгнө гэж үзжээ. Одоогоор төслийн эхний үе  шат эхэлсэн бөгөөд хорих ангид хүмүүжигчдэд ямар төрлийн ном уншуулах, номыг сонгох, шагналын хоног бодох аргачлал гаргах ажил эхэлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын холбогдох албаны хүний хэлснээр  хорих ангиудын номын санд 1000-3000 төрлийн ном байдаг ч ихэнх нь хуучны, үр өгөөж багатай ном эзэлдэг аж. Тиймээс хүмүүжигчдэд ахисан түвшний мэдлэг, мэдээлэл өгөхүйц номуудыг сонгохоор их сургуулиудын багш, эрдэмтэн судлаачдаас санал авахаар болжээ. Өнгөрөгч 2013 онд Хууль зүйн яамнаас 10 гаруй сая төгрөгөөр шинэ төрлийн ном худалдан авч хорих ангиудад хуваарилсан байна. Үүний дараа  хуучны уран зохиол сэлтээс илүү шинээр гарч ирсэн номыг хүмүүжигчид шимтэн уншиж байгаа нь анзаарагджээ. Тэр ч бүү хэл шинэ төрлийн ном унших урт дараалал хорих ангиудын номын санд үүсээд байгаа аж. Энэ нь хүмүүжигчдэд ном унших хүсэл сонирхол, хэрэгцээ  шаардлага  маш их   байгааг харуулж байна гэж  гэж төсөл санаачлагчид хэллээ. Төслийн эхний  шатанд номын нэрсийг гаргах, шалгалтын тест боловсруулах, хандив цуглуулах ажил  хийгдэх юм байна. Харин ирэх арваннэгдүгээр сард номын нэрсийн жагсаалт, шалгалтын тестийг ШШГЕГ-т  хүлээлгэн өгөх юм байна. Эхний ээлжинд  насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р анги, насанд хүрэгчдийн  чанга дэглэмтэй 425-р хорих ангиудад туршилтын журмаар ирэх арванхоёрдугаар сарээс хэрэгжиж эхлэх аж. Ингээд ирэх оноос эхлэн хүмүүжигчид шагналын хоногоо тооцуулах боломжтой болох юм байна. Хамгийн гол нь ямар төрлийн гэмт хэрэг хийснээс үл хамааран бүх хүмүүүжигч “Номоор нээе” төслийн хүрээнд ялын хоногоосоо хасуулах эрхтэй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна