Ч.Сайханбилэг: Эдийн засгаа хямралаас гаргана

2014 оны 11 сарын 15

Ардчилсан нам/АН/-ын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/ өчигдөр хуралдаж Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг олонхийн саналаар дэвшүүлж, АН-ыг УИХ-ын дарга З.Энхболд удирдахаар болсон. Энэ асуудлаар АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэг, АН-ын генсек Ц.Оюундарь нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Цаашид АН ямар чиглэлтэй ажиллах талаар болон ҮЗХ-ны шийдвэрийн талаар АН-ын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсан талаар багцлан хүргэе.


Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг:


-Ерөнхий сайдаар сонгогдвол ямар чиглэлийг нэн тэргүүнд тавьж ажиллах вэ?


-Ерөнхий сайдаар томилогдсоны дараа ард түмэн болон УИХ-ын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Ерөнхий нэг зүйл бол одоо бид эдийн засгийн хямралтай нүүр тулаад байна. Энэхүү хямралаас хэрхэн гарах вэ гэдэг нь шинээр байгуулагдах засгийн газрын гол чиглэл болно. Тиймээс парламентад суудалтай улс төрийн бүхий л намууд намын болон бүлгийн явцуу эрх ашгаа түр орхиж улс үндэсний нийтлэг эрх ашгийг барьж ажиллах гол зарчим дээр тулж ажиллана.


-Шинэчлэлийн засгийн газрын ажлыг цааш үргэжлүүлэх үү?


-Ардчилсан намын 2012 оны мөрийн хөтөлбөрийг 2016 оны сонгууль хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.  Шинэчлэлийн засгийн газарт байсан бүхий л сайн ажлууд тухайлбал томоохон бүтээн байгуулалт, сайд нарын амралтгүй зүтгэдэг ажилсаг чанар шинэ засгийн газарт үргэлжлэн хадгалагдах болно.


-Халаа сэлгээ хир явагдах вэ?


-Аль болох тогтвортой бөгөөд төрийн албаны хуулинд нийцүүлэн ажиллана.


-Яамдын бүтцийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?


-Одоогоор Ерөнхий сайд болоогүй учраас энэ талаар ярихад эрт байна.


-Нэр дэвшигчийг тодруулах бүлгийн хуралдаанд ямар шалтгаанаар оролцоогүй вэ?


-Бүлгийн хурадаанд ороогүй шалтгаан бол тухайн үед ҮЗХ-ноос бүлэгт бусад улс төрийн суудалтай намуудадтай зөвшилцөх эрх өгсөн болохоос Ерөнхий сайдыг тодруулах эрх өгөөгүй гэсэн маргаан гарсан учраас хуралд оролцоогүй. Энэ маргаан бүрэн шийдвэрлэгдсэн учраас бүлгийн хуралд оролцсон эсэх нь чухал биш болсон.


УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд: Мэргэжлийн ЗГ байгуулах хэрэгтэй


-УИХ-д Ерөнхий сайдын асуудлыг хэзээ оруулах вэ?


-Ирэх даваа гаригт/11.17/ бусад намуудтай зөвшилцөж Ерөнхий сайдыг сонгоход дэмжлэг авах талаарх ажил хийгдэнэ. Түүний дараа намуудтай хамтрах эсэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн дагуу аль ч нам олонхийн суудал аваагүй учраас хамгийн олон суудал авсан АН Ерөнхий сайдаа дэмжүүлэхээр бусад намуудтай яриа хэлэлцээрээ хийнэ гэсэн үг. Тэгээд ирэх мягмар гаригт/11.18/ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар оруулж батлах болов уу.


-АН-ын бүлэг дээр Ч.Сайханбилэгийг дэмжээгүй. УИХ-д дэмжлэг авах болов уу?


-АН-ын бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндлэх ёстой. ҮЗХ бол нэр дэвшүүлдэг олонхи болсон намын албан ёсны дээд байгууллага юм.


-Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг гишүүдийг бүрдүүлэхдээ мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой гэдэг санал илэрхийлээд байгаа. Энэ удаагийн шинээр байгуулагдах Засгийн газрыг бүтцийг хэрхэн харж байгаа вэ?


-Ерөнхийлөгч энэ үзэл санаагаа сүүлийн хоёр жил илэрхийлж байгаа. Гэхдээ хуулиар энэ бүгд нээлттэй шүү дээ. Өмнөх хоёр ерөнхий сайдыг бид “Ингэж тэгж ажилла, дан, давхар дээлтэй бай” гээд үндсэндээ ажлыг нь нэг утгатай хийлгэж чадаагүй.  Аль болох олон сайдыг гаднаас авч мэргэжлийн Засгийн газрыг бүдүүлбэл сайн байна. Энэ бүх эрх шинээр томилогдох Ерөнхий сайдын эрх бөгөөд үүрэг юм.


-Засгийн газарт намын дарга нар орох уу?


-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болвол Засгийн газарт нь улс төрийн намуудын дарга нарыг оруулахгүй гэж үзэж байгаа. Учир нь Засийн газар бол гүйцэтгэх засаглалыг шуурхай хэрэгжүүлдэг байгууллага. Тэр дотор олон намын дарга нар оролцоод “Манай нам ингэж үзэж байна” гээд суугаад байж болохгүй юм. Тиймээс одоо байгуулагдах Засгийн газарт намуудын дарга нар орохгүй гэсэн үг.


-Таныг “Шонхор фракцыг  төлөөлж тохироо” хийлээ гэсэн яриа байна.


-Ер нь бол тийм зөрчил байгаагүй. Зөрчилтэй юм шиг харагдуулж байсан нэг хэсэг байсан байх. Фракцууд байна гэхдээ араамандаа байх ёстой. Миний хувьд Шонхор гэдэг фракц бол миний хувьд фрактай яг ижил хэмжээнд очиж байгаа. Мөн би Ардчилсан хүчний ерөнхийлөгч байхаа больсон. Энэ олон фракцууд байна гэдэг бол нам эрүүл байгааг харуулах ёстой. Харин зөрчил үүсгэх ёсгүй. Фракцын дээр нам байна намын дээр төр байна. Тиймээс төрийн ажлаа чухалчлах ёстой. Хэн хэнтэйгээ хэрхэн тохирсон талаар бидний ярих сэдэв биш. Ардчилсан нам анх удаа фракцаа бодолгүй төрийн ажлыг бодож эдийн засгийн хямралтай тэмцэх хүнээ дэмжлээ. ҮЗХ-ны хурал маш эрүүл болсон. Тодруулбал, хоёр нэр дэвшигчээ тайзан дээр суулгаж ҮЗХ-ны гишүүн болгон нэр дэвшигчдээс нэг ижил асуулт асууж гурав гурван минутаар хариулсан. Ингээд 20-иод гишүүн асуух явцад гишүүд итгэл үнэмшилтэй болсон.


-Намын генсек солигдох уу?


-Үгүй.


-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ямар нэгэн албан тушаал санал болгох уу?


-Н.Алтанхуяг нэг хэсэгтээ УИХ-ын гишүүнээр ажиллах бодолтой байгаа.


-Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах кноп дарсан гишүүдэд хариуцлага тооцох уу?


-Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн нийт ард түмний төлөөс санал өгөх үүрэгтэй. Тиймээс бүх намын дүрэмд байгаа намаас гишүүнийг кноп дарсных нь төлөө хөөдөг энэ заалтыг алга болгох ёстой. Намаас хасахаас өөрөөр буюу  дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг аргуудыг хэрэглэнэ.


-Ерөнхий сайдын үүргийг түр орлох эрхийг Д.Тэрбишдагвад өгсөн нь хууль бус гэж мэдээлэгдэж байгаа?


-Огтхон ч хууль зөрчөөгүй.


Д.ЖАРГАЛ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна