Т.Аюурсайхан: Ажилтнуудын 15 хувийг цомхотгоно

2015 оны 1 сарын 8

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Шийдлийн Засгийн газартай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэн өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн /I.07/ хуралдаанаар МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг тус газрын даргаар томилсон юм. Т.Аюурсайханыг ажлаа хүлээн авч байх үер түүнтэй уулзаж дараах асуултад хариулт авлаа.

 

-Ямар зорилго чиглэлийн дагуу ажиллах вэ?

 

-Миний хувьд Монгол Улсад шударга өрсөлдөөн байх ёстой, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой гэдэгт итгэдэг. Зөв өөрчлөлтийн төлөө явсаар ирсэн цаашид ч зөв зүйлийн төлөө ажиллах болно. Цаашдаа гол баримтлах чиг шугам бол аливаа шийдвэр үндэслэлтэй, тооцоотой, судалгаатай байх ёстой. Ялангуяа  Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн дунд болон урт хугацаанд улсад, эдийн засаг бизнест ямар ашигтай байна гэдгийг болон бизнес эрхлэгчдэд хэрхэн тусах вэ гэдгийг нилээн судалгаатайгаар, голч байдлаар ажиллах ёстой гэж үзэж байна.

 

-Халаа сэлгээ хийх үү?

 

-Засгийн газраас агентлагуудын стратегийн болон бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөртэй уялдаж ажиллах ёстой болох байх. Орон тооны цомхотгол хийгдэнэ.

 

-Хэдэн хүнийг цомхотгох вэ?

 

-Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ШӨХТГ-ын орон тоог 15 хувиар бууруулж  36 ажилтантай ажиллах болов уу.

 

-Өмнөх дарга буюу О.Магнайн хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэн ажиллах уу? Тэрээр энэ сард шатахууны үнийг бууруулна гэж мэдэгдээд байсан?

 

-Ажлаа хүлээн аваад удаагүй байгаа учраас энэ асуултад хариулах боломжгүй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна