Түймэрт өртсөн гэр бүлийнхэнд хагалгаа хийнэ

2015 оны 5 сарын 5

Дорнод аймгийн Булган суманд гарсан хээрийн түймэр унтралгүй явсаар өнгөрсөн сарын 29 ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд дамжин орж, тус сумын нийт нутаг дэвсгэрийн 71 хувь нь шатсан байдалтай байна. Учир нь энэ түймэр  унтралгүй таван өдрийн турш дүрэлзсэн. Түймэрт 30 гаруй айл өртөж орон гэр, эд хөрөнггүй болсон байна. Мөн нутгийн 10 гаруй хүн мал, орон гэрээ түймрээс аврах гэж байж галд түлэгдэж гэмтсэн. Одоогоор эдгээр иргэдийн зургаан нь Сүхбаатар сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хамгийн хүнд түлэгдэлтэй гэр бүлийн хоёрыг ой гаруйтай охиныхоо хамтаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэдний түлэгдэлтийн зэрэг 10-12 хувьтай. Толгой, нүүр, сарвуу, цээжин хэсэг тэр чигтээ түлэгдсэн байдалтай эмчилгээ хийлгүүлж байгааг гэмтлийн эмч нар ярьлаа. Харин ирэх долоо хоногоос гэр бүлийн гуравт арьс нөхөх хагалгааг хийхээр төлөвлөжээ. Зүүн гурван аймагт гарсан хээрийн түймрүүд бүрэн унтарсан. Энэ түймэрт 7400 толгой мал, 44 айлын гэр  шатсан гэсэн урьдчилсан дүгнэлтийг ОБЕГ-аас гаргасан байна. Харин түймрийн хохирлын эцсийн дүгнэлтийг ирэх зургаадугаар сар гэхэд гаргачихна гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өглөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ассан ой хээрийн түймэр бол байхгүй. Харин Увс аймгийн Хяргас, Хөвсгөлийн Жаргалант, Архангайн Цэнхэр сумдын түймэр цурманд орсон байдалтай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна