Тамирчид хуурамч визний асуудлаар хоригджээ

2015 оны 5 сарын 8

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Катарын Доха хотыг зорьсон ч визний зөрчлөөс үүдэн тэмцээндээ оролцож чадаагүй тамирчид өнөөдөр 11.50 цагт эх орондоо ирлээ. Дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж /74 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Н.Золбоо /125 кг/ нарын бүрэлдэхүүнтэй багийнхныг тосохоор тэдний гэр бүлийнхэн, найз нөхөд ирсэн байсан юм. Харин Монголын чөлөөт бөхийн холбооноос тамирчдыг тосохоор хэн ч ирсэнгүй. Тамирчдын хувьд тэмцээнд оролцохоор энэ сарын 3-нд эх орноосоо мордсон бөгөөд "Бээжингээр дамжаад Дубайд очиход визний асуудал үүссэн" гэлээ. Гэхдээ энэ нь зөвхөн визний зөрчил  бус хуурамч визний асуудалд хүргэсэн, ноцтой явдал болжээ.

 

Тэд уг нь Чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Баянмөнхтэй саатуулагдаж байхдаа холбогджээ. Гэтэл “Бид элчин сайдын яамтай холбогдсон. Ямар ч аргагүй юм байна” гэхээс өөрийг хэлээгүй гэв. Тэдний хувьд хамгийн ихээр гомдож байгаа асуудал нь хүнд нөхцөлд хоригдоод, тусламж хүсэхэд боломжгүй гэх хариулт хэлсэн мөртлөө олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тамирчидтай холбогдсон, эх орон руугаа ирж яваа” гэх худал мэдээлэл өгч байсныг хэлсэн юм.

 

Багийнхан бэлтгэл сургуулилт, зардал мөнгө, сэтгэл санаа гээд олон зүйлээрээ хохирсон ч гол нь эх орноо төлөөлж амжилт гаргаж, түүнийгээ ахиулах боломж, хугацаа нь хий дэмий үрэгдсэнд гомдолтой байна гэлээ.

 

Тамирчдын хувьд тав хоногийн өмнө гэрээс гарахдаа ямар хувцастай байсан, түүнтэйгээ өнөөдөр нисэх дээр буусан юм. Монголоос ниссэнээс хойш визний зөрчилтэй зэрэгцээд тэдний ачаа бараа бүгд сураггүй болжээ. Ямартай ч Чөлөөт бөхийн холбооны гаргаж өгсөн гэх электрон визнээс үүдэн тамирчид ийм асуудалд унасан ч харамсалтай нь тэднийг ирэхэд тус холбооноос хэн ч ирсэнгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна