"Хөсөгтөн" хамтлагт хүндэтгэл үзүүллээ

2015 оны 5 сарын 18

“Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн Хөсөгтөн хамтлагийнхан эх орондоо ирлээ. Өнөөдөр тэднийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Хөсөгтөн хамтлагийнхны хувьд этник баллад чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд  “Авьяаслаг Азичууд” шоунд хамгийн шилдэг бүтээлүүдээ толилуулсан байна. Энэхүү тэмцээнд нийтдээ 1000 гаруй бүтээл оролцсоноос 120 шилдэг бүтээл шалгарч 24 тунаж, тэндээс есөн уран бүтээл, есөн уран бүтээлээс шилдэг гурав, шилдэг гураваас  шилдэг хоёр гэж багассан. Тайзны ард бусад уран бүтээлчид юу тоглож байгааг мэдэх боломж байхгүй, нууцлалын өндөр түвшинд байдаг. Тоглолтын үеэр таних танихгүй хүмүүстэй уулзах нь хориотой, эсвэл цагийн хуваарьтай байдаг гээд маш хатуу дэгтэй байсныг уран бүтээлчид онцоллоо. Эх орныхоо нэрийг ОУ-д мандуулсан Хөсөгтөнгийнхөндөө дахин дахин талархсанаа үзэгч, олон нийт цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байгаа. Тэгвэл уран бүтээлчид ч үзэгч түмэндээ баярлаж, сэтгэл хангалуун байгаагаа уламжлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна