Хүннү гүрэн монголчуудын өвөг болохыг тогтоолоо

2015 оны 6 сарын 16

Энэ онд Монгол, Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын археологийн салбарынхан хамтран судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэ хүрээнд Монгол орны нутгаас дэлхийд үнэлэгдэхүйц олон олдворыг олсон талаар өнөөдөр танилцууллаа. Судалгааны багийн гаргасан томоохон дүгнэлт нь Хүннү гүрэн монголчуудын эртний өвөг болохыг шинжлэх ухаанаар тогтоож, дүгнэлт хийсэн байна.
 
Мөн хамтын судалгааны хүрээнд Хойд цэнхэрийн гол, Мойлтын ам, Дөрөлж, Тамсагбулаг зэрэг томоохон дусгалуудад гүнзгийрүүлсэн судалгаа хийж 5000 чулуун зэвсгийн зүйлсийг илрүүлжээ. Үүнээс гадна Хэнтий аймгийн Норовлин сумаас 28 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүний гавлын ясыг олсон байна. Мөн Монгол Алтайн бүс нутагт түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн оршуулгыг малтаж 200 гаруй олдвор олжээ. Гол нь эдгээр үнэт ховор олдворуудыг Францын тусламжаар сэргээн засварлуулж байгаа юм.

Манайд одоогоор үнэт, томоохон хэмжээний олдворуудыг сэргээн засварлах боломж хангалтгүй байдаг. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд Франц улсад үнэт олдворуудаа сэргээн засварлуулж байгаа нь томоохон ач холбогдолтой юм. Монголын нутгаас олдсон эдгээр ховор олдворуудаар ирэх пүрэв гарагт үндэсний музейд “Монгол францын археологийн нээлтүүд, хорин жилийн хамтын ажиллагаа” нэртэй үзэсгэлэн гаргахаар болсон байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна