Энэ онд 1200 гаруй хүүхэд цэцэрлэгт нэмж хамрагдана

2015 оны 9 сарын 15

Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500 хүүхэд байна. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь буюу 90 мянга орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хамрагдсан. Харин 27 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй хоцорсон юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн сургуульгүй 62 хороо, цэцэрлэггүй 41 хороо байгаа гэх мэдээлэл бий. Харин өглөө, өдөр, оройн гурван ээлжээр хичээллэдэг 21 сургууль байна. Нөхцөл байдал ийм байна. Тэгвэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд нэмж 14 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах юм байна.

Эдгээр цогцолборын хоёр нь өнгөрсөн хавар ашиглалтад орсон. Харин үлдсэн 12-ыг 2015 ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Албаныхны хэлж буйгаар цогцолборын хоёр ч ажил удааширчээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолборыг оны дараа ашиглалтад оруулахаар болсон байна. Харин үлдсэн 10 цогцолбор нь ондоо багтаж ашиглалтад орох боломжтой болжээ.

Цогцолборын хувьд нэг нь л 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэнэ. Хэрвээ эдгээр сургууль цэцэрлэгийн цогцолборууд хугацаандаа ашиглалтад орвол багаар бодоход 1200 гаруй хүүхдийг нэмж цэцэрлэгт бүртгэх боломж бүрдэнэ. Харин 1800 гаруй бага сургуульд хүүхэд нэмж бүртгэх юм.  Гэхдээ одоогоор шинэ сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэх ажил эхлээгүй гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна. Сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орсны дараа хамран суралцах тойргийг тодорхойлох юм. Үүний дараа тойргийнхоо хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт шинээр бүртгэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна