Corinthia Hotel Лондонд салбараа нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Corinthia Hotel Лондонд салбараа нээнэ


Тансаг зэрэглэлийн зочид буудлын бизнес эрхэлдэг Италийн Corinthia компани ирэх жилийн эхээр ашиглалтад орох шинэ салбар буудлынхаа талаар мэдэгджээ. Лондон хотноо баригдаж буй шинэ зочид буудал нь тус компанийн хувьд өөрийн нэрийн ес дэх зочид буудал нь бөгөөд 21-р зууны жинхэнэ гранд зочид буудал байх болно хэмээн амлаж байна. Corinthia өдгөө Унгар, Праг, Санкт-Петербуг болон Лисабонд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Лондонд сүндэрлэх шинэ салбарын тухайд хөл хөдөлгөөн ихтэй дэлхийн томоохон хотод нээж буй анхны салбар нь гэж болох юм. Нийт 294 өрөөтэй, Whitehall болон Трафалгарын талбайтай ойр байрлах шинэ салбар олон хөлийн жуулчдыг татна гэдэгт компанийн зүгээс итгэлтэй байгаа ажээ. Нийт 470 кв.метр талбай бүхий люкс өрөө нь Лондонгийн хэмжээнд хамгийн томд тооцогдох бөгөөд зочид буудлын энгийн өрөө нь дунджаар 45 кв.метр талбайтай байх гэнэ. Түүнчлэн дөрвөн давхар, 2140 кв.метр талбай бүхий спа, далайн гаралтай хоолоор үйлчлэх ресторан зэргийг багтаажээ.

Зуны XXX олимпийн наадам Лондон хотноо зохиогдохтой холбогдуулан дэлхийн олон арван зочид буудлын сүлжээ эрхлэгч компаниуд тус хотод салбараа нээж байгаагийн нэг нь Corinthia болж байна. Түүнээс гадна энэ жилийн сүүлээр Starwood брэндийн W зочид буудал нээлтээ хийх бол тун удахгүй Shangri-la мөн тансаг зэрэглэлийн зочид буудлаа Лондон хотод нээх гэж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж