Зам барих жишиг үнийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Зам барих жишиг үнийг зарлалаа

Авто замчдын нэгдсэн холбоо хуралдаж одоогийн үнэ ханшаар зам, гүүрийн нэгж уртын жишиг үнийг зарлалаа. Тэд өнөөгийн зах зээлийн үнэ ханшаар тооцоо судалгаа хийсний эцэст нэг км ердийн стандарт (III зэргийн асфальтбетон хучилттай) зам тавих өртөг 475 сая төгрөг, нэг метр гүүр барихад  14 сая төгрөг байна гэдгийг тогтоожээ. Энэ үнийг яам агентлаг, Засгийн газар, УИХ гээд бүх шатныхан баримталж төсөв санхүүгээ баталж байхыг санал болгож байгаа юм. Авто зам барих материал түүхий эдийн үнийг Гурвалжингийн захын болон 44-ийн захын бөөний, жижиглэнгийн үнэ, асфальтбетон хольц, битумын үнийг “Ялгуусан” ХХК-ийн Улаанбаатар дахь үнээр жишиж гаргажээ. Мөн бусад зардлуудыг тооцохдоо салбарын сайд мэргэжлийн байгууллагаас тогтоосон тариф, журмыг мөрдлөг болгосон гэнэ. Ийнхүү автозамын компаниуд чанартай зам хийхийн тулд төсөв хөрөнгийг хүрэлцээтэй баталж өгөхийг төрөөс хүслээ.
Одоогийн тогтолцоогоор хамгийн бага үнэ санал болгосон компани авто замын тендерт ялдаг хуультай. Энгийн жишээ дурдахад, Мандалговь-Өндөр дов чиглэлийн 16 км асфальбетон хучилттай авто замыг дөрвөн тэрбум 509 сая 698 мянга 776 төгрөгөөр барина хэмээн нэгэн компани тендерт ялжээ. 16 км-т хувааж үзэхээр нэг км замын өртөг 281 сая 856 мянга 173.5 төгрөг болж байгаа юм. Үүнийг зах зээлийн ханшаар авто зам барих өртөг 475 сая төгрөг гэж мэргэжлийн байгууллагын гаргасан тооцоотой харьцуулж та үзээрэй. Хэдийгээр бага үнээр зам хийж байгаа мэт харагдавч үнэ дагаж чанар гэдэг шиг хямд үнээр боссон зам ямар муу байх нь ойлгомжтой биз ээ. Иймэрхүү зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр барих хэд хэдэн автозамын үнийн дүн бүхий жагсаалт байна. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км авто замын нийт төсөв таван тэрбум 265 сая төгрөг ба нэг км авто зам барих өртөг нь 195 сая төгрөг гэжээ. Харин Авто замчдын холбоо энэ замыг 11 тэрбум 671 сая 412 мянга 879 төгрөгөөр, нэг км-ыг нь 432 сая 274 мянга 551 төгрөгөөр босно гэх тооцоог гаргасан байна. Энэ хоёр үнэ тэнгэр газар шиг зөрүүтэй байгааг та ажаарай. Бодит биш үнээр автозамын компаниуд тендерт оролцож, хямд үнээр чанаргүй зам хийж байгааг харуулж байгаа юм.
“Ялгуусан” компанийн дэд захирал хурлын үеэр “Нэг км замын жишиг үнэ зах зээлийн бодит өртөг зардлаас доогуур байгаа нь олон хохирол, сөрөг үр дагавар авчирч байна. Цаагуураа улс өөрөө хохирч, тухайн замын чанар ч муудах жишээтэй. 10 жилийн эдэлгээтэй байх ёстой бол таван жил болж ашиглах хугацаа нь багасч байгаа юм” гэж бодит байдлыг танилцуулсан. Дараа нь Арвайхээр-Баянхонгорын чиглэлийн 27 км замыг барих компанийн төлөөлөгч үүсээд байгаа нөхцөл байдлаа танилцуулсан.  2007 оны үнийг үндэслэн тендерт оролцсон ба 2008 онд дизель түлшнээс гадна бусад бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд 300 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Эднийх ажлаа дуусгаагүй байгаа ба дуусгахад дахин 800 тэрбум төгрөгийн алдагдалд орох болчихоод байгаа гэнэ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд үнийн зөрүүнээс үүссэн энэ асуудлыг тавихад хүлээж авдаггүй ба харин ч дарамтлах өнгө аястай албан бичгээр хариу барьжээ.
Уг нь тендерийн хуульд суурь үнэ хөдөлвөл, тухайн бүтээн байгуулалтын ажил хоёроос дээш жил дамнан үргэлжилбэл үнийн дүнд өөрчлөлт хийх утга бүхий заалт байдаг аж. Энэ дагуу 34 компани асуудлаа тавьж 10 гаруй тэрбум төгрөг нэхэмжилжээ. Төсвийн тодотгол дахин батлах боломжгүй тул 2011 оны төсвийн хөрөнгөнөөс эдгээр 34 компанийн үнийн зөрүүг олгох болсон байна.
Авто замчдын холбооны хурлын үеэр автозамын компаниудын захирлууд өөр нэг асуудлыг хөндөж ярьсан нь төсвийн хөрөнгөөр барьж буй буй зам, гүүрийн санхүүжилтийг гэрээ ёсоор өгч байхыг төрөөс хүслээ. Жил тутам бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй энэ үед ажил хойшлох тусам өртөг зардал өсдөг. Энгийн жишээ дурдахад, онд Говь-Алтай аймгийн онгоцны буудлын замын ажлыг 2007 онд дизель түлшний үнэ гурван оронтой тоонд байхад 7.3 тэрбум төгрөгөөр барина гэж нэгэн компани авчээ. Тухайн жил захиалагч болох төр шаардлагатай санхүүжилтийг нь гаргаж өгөөгүй ба энэ нь дараагийн жилүүдэд ч давтагдаж. Гурван жилийн өмнө гүйцэтгэгч компани нь тодорсон ч одоо ч дуусаагүй байгаа энэ замыг дуусгахад одоогийн үнэ ханшаар тооцоход 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг компанийн захирал ярьж байна лээ. Улсын хэмжээнд нийт 1500 гаруй км урт 30 гаруй гэрээт ажил хийгдэж байгаагийн ихэнх компанид ийм зовлон буй.
Юутай ч авто зам барих бодит үнэ ямар байдгийг гардан гүйцэтгэдэг дотоодын компаниуд зарлалаа. Энэ талаар Авто замын газрын дарга Б.Энхтөртэй уулзаж, түүний байр суурийг сонирхлоо.

-Замын компаниуд нэг км замыг өртөг 475 сая, нэг метр урт гүүр барих үнэ 14 сая төгрөг хэмээн зарлалаа. Энэ үнийг та бүхэн хүлээн зөвшөөрөх үү?
-Ер нь үнэ зохих хэмжээндээ очих ёстой гэсэн байр суурьтай байна. Манай газрын мэргэжилтнүүд судалгаа хийж зам, гүүр барихад өртөг зардлыг тооцоог гаргасан байгаа. Бидний тооцоогоор нэг км автозам барих өртөг 360-440 сая гэж гарсан. Гэхдээ энэ үнэ ч мөн хангалттай хэмжээндээ хүрээгүй.

-Хамгийн гол нь замын чанарын асуудал. Төсөвлөсөн мөнгөнд тааруулж бага зардлаар авто зам тавина гэдэг муу зам болж байна гэсэн үг биш үү?

-Үнэхээр сайн чанарын зам тавья гэвэл төсөв хөрөнгийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь үнэн. Авто замчдын холбооноос гаргасан 475 сая гэдэг бол бидний гаргасан тооцоотой ерөнхийдөө дөхөж байна. Эцсийн шийдвэрийг гаргах хүн нь би биш, цаашид холбогдох газруудад асуудлыг тавих болно гэлээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж