Шүлхий өвчнөөр 734 мал өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчнөөр 734 мал өвчилжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг сумын төвөөс зүүн тийшээ 60 км-ын зайд Гүн жалга гэдэг газар нутаглаж буй малчин Сүхбаатарын суурьт  гучаад хонь, ямаанд мал, амьтны гоц халдварт өвчин илэрснийг бид өмнө нь мэдээлсэн. Үүнээс хойш  тус сумын гуравдугаар багийн нутаг, сумын төвөөс 60-90 км-ийн зайд нутагладаг нийт 12 өрхийн  734 толгой бог малд өвчний шинж тэмдэг  илэрсэн байна. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжиг илэрсэн нийт малаас цус, эдийн дээж авч,  улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид энэ сарын 28-29-ний өдрүүдэд шинжилгээ хийхэд  “О” хэвшлээр үүсгэгдсэн шүлхий өвчин болох нь оношлогдсон байна.  Одоо голомтод нийт 16 айл өрхийн 12560 мал байгаа бөгөөд, үүний 734 малд өвчний сэжиг илэрсэн тул тус аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа аж.
Өнгөрсөн хавар Дорнод аймагт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн өвчний сэжиг илэрсэн суурийн зөвхөн үхэрт нь шүлхий өвчний вакцин тарьж, харин  бог малыг вакцинжуулаагүй байсан аж.  Тодруулбал, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Дорнод аймгийн голомт бүхий байсан Матад, Халхгол, Булган сумдын мэдрэмтгий бүх мал, Дорнод аймгийн бусад бүх сум, Сүхбаатар аймгийн бүх сумын үхэр, Хэнтий аймгийн хил залгаа хоёр  сумын үхэр, Дорноговь, Өмнөговь аймгийн БНХАУ-тай хил залгаа сумдын бод, бог мал буюу нийт  1.6 сая малыг вакцинжуулсан байжээ. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж