Засгийн газрын хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан өндөрлөв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул тосгоны 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан   шувууны гоц халдварт “Ньюкасли” өвчний цагийн байдлыг авч хэлэлцлээ.  Халдварын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулан мөрдүүлэх, ариутгал, халдваргүйтгэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж өвчний тархалтыг таслан зогсоох арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт үүрэг болгов.  Уг өвчний тархалтыг цаг алдалгүй таслан зогсоох   арга хэмжээний зардалд зориулан нийт 125 сая төгрөгийг гаргах тухай тогтоолыг баталлаа. Тогтоолд дурдсанаар нийт 125 сая төгрөгийн 70 хувь буюу 87.5 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод, үлдэгдэл 30 хувь буюу 37.5 сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт тус тус зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдод даалгалаа.

Гоц халдварт Ньюкаслин өвчний халдвар авсан шувууны дотор эрхтэн, тархи, уушиг үрэвсэх шинж тэмдэгтэй илэрдэг хавьтал халдварт өвчин юм байна. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн онцгой комисс, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, халдварын голомтод хэрэгжүүлэх арга хэмжээг гүйцэтгэх ажлын хүрээнд тус аж ахуйд гаднаас хүн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглоод байгаа ажээ. Өвчин илэрсэн “Нион шель”  аж ахуйгаас 2010 оны наймдугаар сарын 29-ний өдөр бусдад нийлүүлсэн 1600 өндөгийг Баянгол дүүргийн мал эмнэлэгийн байцаагч хураан авч, компаний өндөг борлуулдаг байр, хадгалж байсан гэр, өндөг тээвэрлэдэг машин зэрэг 250 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийжээ.

Улсын нөөцөд малын тэжээл бүрдүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар улсын нөөцөд малын тэжээл бүрдүүлэх тухай тогтоол гаргалаа. Тогтоолоор  ОХУ-аас буцалтгүй тусламжаар ирүүлсэн арвай буудайны үлдэгдэл 21091.9 тонн арвай буудайг үйлдвэрийн аргаар боловсруулж тэжээл бэлтгэх, үүнтэй холбогдуулан гарах үйлдвэрлэлийн болон бусад зардлыг нэг тонн буудайг 90000 төгрөгөөр тооцон буудай хэлбэрээр олгож, малын тэжээл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан малын хорголжилсон, багсармал тэжээл бэлтгүүлж,  2010 оны  11 дүгээр сард багтаан Улсын нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Шадар сайд М.Энхболдод даалгалаа.

Өвөлжилтийн бэлтгэлээр мэдээлэл сонсов
“2009-2010 оны зудын хохирлыг арилгах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 137 дугаар тогтоолын биелэлт болон 2010- 2011 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нарын мэдээллийг сонслоо. Зарим аймагт гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийг мэргэжлийн яам, холбогдох байгууллагын бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулж, цаашид авах арга хэмжээний талаар энэ оны есдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол улсын сайд, ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа. Мөн малжуулах арга хэмжээний төсвийн санхүүжилтийг аймгуудын төрийн санд яаралтай олгох, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр болон гадаад орон, олон улсын байгууллагын хандив, зээл, тусламжийн эх үүсвэрээр нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх,малжуулах ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарт даалгав. Орон нутгийн захиалгын дагуу мал, мах бэлтгэх ажлыг зохион байгуулах,тэдгээрийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдтэй холбож дэмжлэг үзүүлэх, хот суурин газрын хаврын махны нөөц болон экспортыг нэмэгдүүлэх, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас үржлийн хээлтүүлэгч малыг говийн болон төвийн аймгуудад худалдаалах арга хэмжээг хэрэгжүүлж, түүнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгав. Хэнтий аймгийн Бэрх тосгоны дулааны станцын алдагдалтай холбогдон гарах нэмэлт зардлыг тооцон шийдвэрлэх арга хэмжээний талаар тодорхой санал боловсруулж, 2010 оны аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ЭБЭХ-ий сайд Д.Зоригтод даалгалаа.

ХХААХҮ-ийн сайдын мэдээллээс товч дурдвал, зуншлагын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд гантай, бусад нутаг буюу нутгийн 40 орчим хувьд гандуу байгаа юм байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 19 сая хээлтэгч мал төллөх ёстойгоос долдугаар сарын 1-ний байдлаар төллөх хээлтэгчийн 53.7 хувь буюу 10.2 сая нь төллөж, гарсан төлийн 71.1 хувь нь буюу 7.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оныхоос 46.6 хувиар цөөн аж. 2010-2011 онд улсын хэмжээнд 35.0 сая орчим мал өвөлжих төлөвтэй байгаа ажээ. ОХУ-ын тусламжаар ирсэн 56.8 мянган тн тэжээлийн үр тарианаас 25.6 мянган тн-ыг улсын нөөцөд авч, үлдсэнийг нь 21 аймаг, нийслэлд саналыг нь харгалзан хуваарилан олгожээ. Улсын хэмжээнд хадлан тэжээл бэлтгэх техникийн бэлэн байдал 90.2 хувьтай байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ. Өвөрхангай аймаг өнгөрсөн жил мал аж ахуйн хувьд хамгийн их хохирол амссан аймаг юм байна. Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр эцсийн дүнгээр 1620.0 мянган мал толгой мал хорогдсон байна. Тус аймагт огт малгүй болсон буюу цөөн тооны малтай гэх 8.3 мянган өрх байгаа ажээ. Тэдний ихэнх нь өөр ажил хөдөлмөр эрхлэх чадвар багатай, зөвхөн мал маллаж чадах учраас тэднийг малжуулж, орлогын эх үүсвэртэй болгохыг хүсэлтдээ уламжилж байсан. Харин Хэнтий аймгийн хувьд мал тарга хүч сайтай орж, өвлийг ядралгүй даван туулсан ч цас ихээр орж, хүйтэрснээс бог малын хорогдол  асар их байсан байна.

Ургацын урьдчилсан дүнг танилцуулав
2010 оны ургацын урьдчилсан балансын дүнг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангуулсны үндсэн дээр ургац хураалтыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгав.

2010 онд улсын хэмжээгээр 260.4 мянган га-д үр тариа, 13.8 мянган га-д төмс, 6.9 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 11.7 мянган га-д тэжээлийн ургамал, 517.4 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 317.4 мянган га-д тариалалт хийсэн байна.  Ургацын урьдчилсан балансаар 338.8 мянган  тонн үр тариа, үүнээс 329.8 тонн буудай, 156.1 мянган тонн төмс,90.1 мянган тонн хүнсний ногоо, 20.5 мянган тонн тосны ургамал, 19.6 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогоод байгаа юм байна. Энэ нь нэг га-гаас дунджаар 13.5 цн үр тариа, 113.3 цн төмс, 130.3 цн хүнсний ногоо, 8.5 цн тосны ургамал, 14.0 цн малын тэжээлийн ургамал авах боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Хавар тавдугаар сард хөрсний угтвар чийг хангалттай, уриншийн чанар сайн байсан хэдий ч зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 6-ныг хүртэл хур бороо багатай, агаарын температур 28-36 хэм , хөрсөн дээр 52-60 хэмээс давж 14-26 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт болсон нь ургацын байдалд сөргөөр нөлөөлснийг  Т.Бадамжунай сайд мэдээллээ. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 329.8 мянган тонн буудай хураан авахаас 2011 оны тариалалтад 44.9 мянган тонн, Улсын үрийн нөөцөд 16.0 мянган тонн, тариалан эрхлэлтийг дэмжих санд 168.9 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 23.1 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 76.6 мянган тонн буудай тус тус нийлүүлэх тооцоо гарчээ. Үүн дээр Монгол улсыг хөгжүүлэх сангийн 80.8 мянган тонн, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үлдэгдэл 13.0 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 339.4 мянган тонн буудайн нөөц бүрдэх бөгөөд түүгээр 247.7 мянган тонн гурил үйлдвэрлэж 2010-2011 оны хэрэгцээт гурилаа дотооодоос бүрэн хангах боломж бүрдэж байгаа ажээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж