Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэгдэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар мөн Засгийн газрын үйл  ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2010 оны эхний хагас жилийн явцын тухай Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ ажлын явцыг газар дээр нь ямар байгааг Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн долоо хоногт явж танилцсан юм.  

Засгийн газар энэ оны эхнээс үйл ажиллагааныхаа хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хэрэгжилтийн явц 2010 оны эхний хагас жилийн байдлаар 53.0 хувьтай байгаа нь 2009 оны жилийн эцсээс 10.3 хувиар өссөн байна. Бүтээн байгуулалтын шинжтэй, цаг хугацаа шаардсан зарим томоохон зорилт, арга хэмжээ судалгааны түвшинд, төсөл, ТЭЗҮ боловсруулах зэрэг эхлэлтийн шатанд байгааг анхаарч, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхгүй бол Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд багтаж хэрэгжихээргүй болж байгааг тэмдэглэж байв.

Гашуун сухайт боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно    
Хилийн “ Гашуунсухайт” боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг  Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн “Гашуун сухайт” боомтоор тээвэрлэж байгаа нүүрсний экспортын хэмжээ энэ оны долдугаар сарын 1-ний байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгдэж, “Оюутолгой” ХХК-ний барилга байгууламжийн зориулалтын импортын бараа, тоног төхөөрөмж ачсан 50 гаруй машин өдөр бүр улсын хилээр орж, тус боомтын ачаалал эрс нэмэгджээ. 

 “Гашуун сухайт” боомтын эрчим хүч, халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээг өргөтгөх, ундны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, 180 орчим ажиллагсад байрлах орон сууц шинээр барих зэрэг ажлыг энэ онд багтааж барих төлөвлөгөөг Оюутолгой ХХК-аас гаргаж танилцуулаад байгаа юм байна. Тус компаний тавьж буй энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хилийн “Гашуунсухайт” боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэн, улмаар 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгон хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан хилийн “Гашуун сухайт” боомтыг өргөжүүлэх чиглэлээр зраим ажлыг эхлүүлэхийг судалж, шийдвэрлэхийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

Тамирчдад мөнгөн шагнал олгоно
Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадам, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын спортын тэмцээнд оролцож, медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагчдад  мөнгөн шагнал олгох тухай тогтоолыг гаргалаа.

Шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулд 500 мянган төгрөг, буудлагын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Хонгорзулд 12 сая төгрөг, өсвөр үеийнхний зуны олимпоос алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарыг тус бүр 36 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөнд 5 сая 400 мянган төгрөгийн шагнал олгохоор болов. Дасгалжуулагчид буюу  шатрын дасгалжуулагч П.Жигжидсүрэнг 250 мянган төгрөг,  буудлагын дасгалжуулагч Л.Ундралбатыг зургаан сая төгрөг,  чөлөөт бөх болон гимнастикийн дасгалжуулагч Д. Мөнхбаяр, Ц. Алтантөгс нарыг тус бүр 18 сая төгрөгөөр урамшуулжээ. Харин жудогийн дасгалжуулагч Д.Энхбаатарыг 2 сая 700 мянган төгрөгөөр шагнаж байгаа юм байна. Мөнгөн шагналд зарцуулах 134.850.000 төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Сангийн сайдад даалгалаа.

Товчхон

  • Хөгжлийн банкны удирдлагын сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танхимын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкны удирдлагыг сонгон шалгаруулах ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд тус тус даалгалаа.
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх, ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол,Оросын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны дүнг  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцууллаа. Засгийн газрын гишүүд дүнг сайшаав. Монгол,Оросын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд , тус Комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягт даалгав.
  • Улаанбаатар хотноо 2010 оны зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын V хуралдааны дүнг сайшааж, уг худалдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд, тус Комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаад даалгав
  • Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай  мэдээллийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай танхимын гишүүдэд хийлээ. Энэ  асуудлыг хэлэлцээд  Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
  • Засгийн газрын 2010 оны долдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар засгийн газрын гишүүдэд танилцуулав.
  • "Бурхан Халдуны тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх саналын төслийг  хэлэлцээд,  танхимын гишүүд асуудлыг зарчмын хувьд дэмжин тодорхой  саналуудыг  Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.
  • Сумдад мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулах тухай тогтоолын заалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолыг гаргав
  • “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг батлах тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган төсөл, зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн биелэлт, үр дүнг нэгтгэн гаргаж жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд үүрэг болголоо.гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж