Ганцхан банк л мэдээллээ бүрэн ил тод болгожээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Ганцхан банк л мэдээллээ бүрэн ил тод болгожээ

Монголбанкны Хяналт шалгалтын газрын зайнаас хяналт тавих хэлтсийн захирал Х.Дэлгэр өчигдөр мэдээлэл хийсэн юм. 2010 оны нэгдүгээр сарын 28-нд УИХ-аас баталсан Банкны тухай шинэ хууль  долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих ёстой байсан юм. Гэвч хууль хэрэгжих хугацааг Монголбанкнаас есдүгээр сарын 1 болгон хойшлуулсан. Бүтэн хоёр сараар хойшлуулсан арилжааны банкууд эзэд болоод ТУЗ-ийн гишүүд, өмчлөгчдийн талаарх мэдээллээ шинэчлэн олон нийтэд ил тод болгоогүй тухай  манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Хуулийн хэрэгжилтэд Монголбанк хяналт тавьж доорх дүгнэлтийг гаргажээ. Зайнаас хяналт тавих хэлтсийн захирал Х.Дэлгэрийн мэдэгдсэнээр Банкны тухай хуулийн хэрэгжилт 88 хувьтай байгаа юм байна. Есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар ганцхан Капитал банк л хуулийн зүйл заалтын дагуу мэдээллээ вэб сайтаа шинэчилсэн байжээ. Бусад 13 банк мэдээллээ ерөнхийд нь шинэчилсэн ч дутуу дулимаг, хагас дутуу мэдээлэл тавьсан байжээ.

Ноён Х.Дэлгэр “Банкны тухай шинэ хуулийн хэрэгжилт 88 хувийн биелэлттэй байна. Арилжааны банкууд банкны тухай хуулийг зарим заалтуудыг  зөрчсөн тул зарим банкинд Банкны тухай хуулийн 68.1.8-ын заалтын дагуу захиргааны арга хэмжээ аваад байна” гэсэн юм. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Чухам ямар арга хэмжээ авсан гэсэн үг вэ. Мөнгөн торгуулийн хэмжээ өмнөхөөс нэмэгдэж 5-10 сая төгрөгт хүрсэн гэж байсан санагдана?

-Хуульд заасны дагуу арга хэмжээ авсан. Хэрэв мэдээллээ ил тод болгоогүй бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэрхүү алдааг нь дэлгэж байгаа юм.

-Тэгэхээр хэвлэл мэдээллээр хууль биелүүлээгүй гэж зарлаж байгаа нь шийтгэл нь юм уу?

-Дээр дурдсан хуулийн дагуу арга хэмжээ авсан.

-Банкны дүрмийн санд судлагаа хийсэн гэсэн. Дүрмийн сангийн хэмжээгээрээ хамгийн өндөр нь аль банк бол?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 14 банкны дүрмийн сангийн бүтэц, хөдлөлийн байдалд судалгаа хийн нэгтгэж үзсэн. Одоогийн байдлаар манай улсын банкны системд төрийн өмчийн нэг банк байгаа бөгөөд бусад 13 банкны хувьд гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн эзэмшилд үйл ажиллагаагаа явуулж байна. Банкны дүрмийн сангийн нийт хэмжээ 252.1 тэрбум төгрөг байгаагаас хамгийн их дүрмийн сантай банк нь Хадгаламж банк юм. Тус банкны дүрмийн сан 60 тэрбум төгрөг. Хамгийн бага дүрмийн сантай банкууд буюу Улаанбаатар, Эрэл, Тээвэр хөгжлийн банк нь Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалд заасан дүрмийн сангийн доод хэмжээ найман тэрбум төгрөгийг ханган ажиллаж байна.

-Арилжааны банкуудын хэд нь гадаад эзэнтэй вэ?

-Зуун хувь гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд гурван  банк байна. Энэ бол Чингис хаан, Хадгаламж, Кредит банкууд юм. Тодорхой хувийг гадаадын байгууллага, иргэд эзэмшдэг дөрвөн  банк  байгаа нь Худалдаа, хөгжлийн банк, ХААН, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Тээвэр хөгжлийн банк юм. Харин зуун  хувь дотоодын байгууллага, иргэдийн эзэмшилд байдаг нь Голомт, Капитал, Капитрон, Улаанбаатар, Эрэл, ХАС банкууд гэлээ.

Ямартай ч шинэ хуулийн хэрэгжилтэд төв банк санаа тавьж эхэллээ. Энэ хэрээр арилжааны банкууд ч хөдөлгөөнд орох нь мэдээж. Харин ил тод болгох мэдээллийн дотор зээлдэгчпийн талаарх мэдээлэл, тэр дундаа найдваргүй зээлдэгчдийн талаарх мэдээллийг оруулах учиртай басйан гэсэн шүүмжлэл сэтгүүлчдийн зүгээс гарч байсан юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж