Н.Алтанхуягийг огцруулъя гэвэл эхлээд “Алтан гадас”-ыг устга

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийг огцруулъя гэвэл эхлээд “Алтан гадас”-ыг устга

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал бүрийн өмнө “Намаа аварна, шинэчилнэ” гэж улайрсаар он цагийг элээгсэд ажилдаа оржээ. Үнэн хэрэгтээ хагарал, хямралыг буй болгож намаа мэрж байгаагаа мэддэг боловч хязгааргүй хүсэл тэчъялаа барьж ядах тэдэнд одоо намын даргын суудлаас өөр юу ч бодогдохоо больсон байна. Нам, төр гэдэг хоосон зүйл. Гэтэл намын даргын албан тушаалыг өмч гэж хараад булаалдахын учир тэд ийн тарчлах аж. Ардчилсан намын даргыг солих алхмын цаана хамтарсан Засгийн газраар тоглох тэмүүлэл буй. Энэ зорилго дор нэгдсэн З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэн нам дотроо ноёрхлоо тогтоох оролдлого хийж буйгаа намаа шинэчлэх гэж байна хэмээн ойлгоод байгаа бололтой. Гэхдээ олон нийт, Ардчилсан намын мянга, мянган гишүүн З.Энхболд хэн билээ, С.Эрдэнэ гэж хэн бэ, тэдний цаана хэний ашиг сонирхол буйг мэднэ.

Тиймээс дээрх ажиллагааг хийхдээ тэд хамтарсан Засгийн газрыг таашаадаггүй хүмүүсийн хүчийг ашиглахаар хичээж байна.
Юуны өмнө “Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарна” гэсэн хошин хувилбарыг дэвшүүлж, уг үзэл санаагаа ардчилагчдад “агаар дуслын” замаар тараах ажиллагаа явуулж эхэллээ. Ингэхийн тулд Х.Баттулга, Л.Болд нараар туг тахих төлөвлөгөөтэй аж. Бодит байдал дээр дээрх хоёр сайдын хэнийг нь ч ингэж дутуу үнэлэх аргагүй билээ. Энэ мөчид Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Би намын дарга болохдоо л хамтарсан Засгийн газарт орно гэж чанга дуугаар хэлсэн. Гарна гэх яриа тарааж буй хүмүүсийн санаа бодол бол олонхийн байр суурь биш” хэмээн ярьсан нь эдүгээгийн намын даргын албан ёсны хариу. 

Үнэн хэрэгтээ “Алтан гадас”-ыг хэчнээн муулавч түүнтэй дүйцэхүйц хүчирхэг, потенциаль сайтай фракци хаана байгаа юм бэ. Харагдахгүй л байна. Юун “Кроун”, МоАХ, Зүүн хойд Ази, МҮДН билээ. УИХ-ын 2008 оны сонгуульд хамтарч оролцсоноо бодоод төлөөлөл болгон шилж Засгийн газарт багтаасныг эс тооцвол олон нийтийн өмнө хийсэн ажил, байгуулсан гавьяа, олигтойхон лидер ч үгүй тэд эдүгээ “Алтан гадас”-аар оролдоод амжилтад хүрэх нь юу л бол.

Сайдын суудалгүй хоцор­сон хорсогчид  УИХ дахь АН-ын бүлгийн гомдогчидтой ний­лэн Ардчилсан хүчний холбоог байгуулсан ч тө­дийлөн амжилтад хүрэхгүй нь тодорхой харагдаж байна. Магадгүй “Алтангадасаас бу­сад нь” гэсэн нэртэй ч байсан шууд ойлгогдохоор “Бүдүүн бүлэг”-ийнхэн өн­гөр­сөн хавар ҮЗХ-ны сууд­лын төлөөх ротацийн сон­гуульд ямар ч өөрчлөлт авч ирээгүй.  Тэднийг дагаж на­мир­сан “Нэг ардчилал” клу­бынхан ч “Алтангадас”-ынхны араандаа зуусан му­шийл­таас өөр үнэлгээнд хүрч чадсангүй. Харин шахан хуралдуулах гэж буй ҮЗХ-ны хуралд “Бүдүүн бүлэг”-ийн томсгосон хувилбар Ардчилсан намынхаа хорыг хуралдуулж буй ч ерөндөг нь “Нэг ардчилал” клуб  зэрэг жижиг эд эсүүдээс ихээхэн шалтгаална. Эцэст нь хэлэхэд “Алтангадас”-ынхан МҮДН-д баяртай гэж хэлмэгцээ хүчээ зузаатгасан дайснуудтай нүүр тулах амаргүй сонголттой тулгараад байна.

Ардчилсан намыг бутлагч­дын дараагийн объект  буюу албан тушаалын тө­лөөх аян дайны хоёрдогч фронт нь намын дэргэдэх эмэг­тэй­чүү­дийн байгууллага Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо. Улаан лиш цэцгээр бэлгэ тэмд­гээ хийсэн нь МАХН-ын “Улаан сарнай”-г санагдуулах энэ байгууллагыг АН-ын дотор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй Б.Дэлгэрмаа тэргүүлдэг. Хэ­дий­гээр шунасан, улайрсан олон харц түүнийг ширтэж буй ч хүлээхээс өөр аргагүй байдалд ороод байгааг бид харж байна. Түүний суу­далд Ардчилсан намын улстөрчдийн тоонд өөрийгөө баг­таадаг арваад эмэгтэй амь тэмцэн тэмүүлж буй. Тэд­гээрээс хамгийн тод харагдаж байгаа нь БСШУ-ны дэд сайд К.Ку­ланда, С.Одонтуяа, Б.Мөнхтуяа нар юм. Их, бага “Тунгалагууд”-ын үе дуусч шинэ үеийн төмөр хатагтайн ими­жийг бүрдүүлэхээр цө­хөрт­лөө гүйлдэж байгаа  тэд­­нийг УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаатай өрсөл­дүүлэхэд дэндүү чамлалттай, доожоо муутай санагдана.

Ардчиллынхан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах бүртээ эмэгтэйчүүдээ хаалганы цаана орхиж байсан. Тиймээс өнөөдрийн АЭХ-ны дарга нь хэнбугай ч байсан адилхан биз. Тэр тусмаа хамгийн өндөр магадлалтай хэмээж буй К.Куланда бүр ч биш. Учир нь К.Куландаг АЭХ-ны тэргүүн болговол Н.Энхбаяр Ардчилсан намын дарга болсноос ялгаа юу байх вэ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж