Монголын спортын онцлох үйл явдал-2011

2011 оны 12 сарын 31

Монголын спортын үйл явцыг тоймлон хүргэж байна.
Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 8-ны хооронд болж 49 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба хүрэл медаль хүртэж боксын дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, Монголын олимпийн боксын холбооны түүхэнд шинэ хуудас нэмж чадсан. Мөн тэрбээр энэ жилийн "Бөртэ чоно"-ын шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон билээ.
Азербайжаны нийслэл Баку хотноо есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 8-ны хооронд үргэлжилсэн боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шөвгийн 16-гийн шатанд Ираны боксчин Мехди Толутибандпитай тулалдаж, 24:9 (8:4, 9:2, 7:3) харьцаатай ялснаар ирэх жил Лондонг зорих баг тамирчдын тоог нэмсэн.
Зургаан жилийн өмнө бидний түүхэнд анх удаа Монгол хүн агуу Эверестийн оргилд хүрч байсан бол тавдугаар сарын 21-нд Монгол эмэгтэй анх удаа Дэлхийн ноён оргилыг эзэллээ. ОУХМ Б.Гангаамаа
Дэлхийн ноён оргилд монгол бүсгүйн мөрийг гаргаад ирсэн уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа том гавьяа байгуулаад эх орондоо ирлээ.
Монголын газар шорооноос олборлосон алт, зэс тэргүүтнээр “Лондон-2012” зуны XXIX олимпийн наадмын медалийг хийж, эх орны минь хөрснөөс гарсан үнэт баялаг олимпийн медальтнуудын энгэрт гялалзахаар боллоо. Манай баг тамирчид албан ёсоор олимпийн 9 эрх аваад байгаа бөгөөд паралимпийн төрөлд энэ тооны эрх аваад байна.
Дэлхийн топ таван марафоны нэг Лондонгийн марафонд эхний 10-т багтсанаар ирэх зуны олимпийн наадмыг зорих монголын тамирчин ОУХМ Б.Сэр-Од Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн түүхт ойн өдөр Монгол улсын Гавьяат тамирчин боллоо. 2011.12.29
Эрийн гурван наадмын нэг болох сур харвааг дэлхий нийт сонирхдог болоод байна. Өмнөд Солонгос улсад болсон ОУ-ыг сур харваачдын тэмцээнд “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” группын тамирчин, МУ-ын мэргэн С.Энхтунгалаг тэргүүн байр эзэлж, “Гран при” шагнал хүртлээ. 2011.10.12-15
Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан зохион байгуулсан монголын үндэсний бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдааны түрүү бөхөөр улсын залуу заан Ч.Санжаадамба тодорч, улсын отгон аварга С.Мөнхбат үзүүрлэлээ. 2011.09.17-25 Улаанбаатар хот
МАМС-ын холбооны оны шилдэг тамирчин 125 сс ангилалд ОУХМ Э.Халиунболд шилдэг тамирчин болсон байна. Тэрбээр энэ жил цагдаагийн ДАШТ-ээс алт, Хятадад болсон тэмцээнээс алт, 2011 оны УАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаар энэ шагналыг авсан байна.
Энэтхэг улсад бүстэй барилдааны дэлхийн аварга, казах кураш бөхийн Ази болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд оролцсон Монголын баг тамирчдаас +100 кг-ын жинд барилдсан ОБЕГ, МИАТ компанийн тамирчин, ОУХМ А.Давааням бүстэй барилдааны дэлхийн аваргаас хүрэл, казах курашийн дэлхийн аваргаас хүрэл, Азийн аваргаас алтан медаль хүртсэн байна. 2011.12.19-21
АНУ-ын Калифорни мужийн Лонгбич хотноо Жиу-жицу бөхийн ДАШТ болж Монголын тамирчид эрэгтэй 13, эмэгтэй тав, нийт 18 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсноос мастерс ангилалд 64 кг-д О.Нарангэрэл, +100 кг-д Б.Одхүү нар аваргын алтан медаль, н.Мөнгөнхуяг, Б.Мягмардорж нар мөнгөн медаль хүртсэн байна. Насанд хүрэгчдийн 94 кг-д хүч үзсэн жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны тамирчин Г.Дашдаваа хүрэл медаль хүртлээ. 2011.06.02-05
Японы сумогийн ертөнцийг сууриар нь ганхуулсан “даваа наймаалцах” асуудалд холбогдсон сумочдод зохих шийтгэлийг нь ногдууллаа. Энэ хэрэгт холбоотой болох нь батлагдсан Хакуба А.Өнөржаргал, Токүсэгава Б.Ганболд, Моконами Г.Базарсад, Коорюү Э.Мөнх-Оргил болон Хошихикари Д.Лхагваа нарын Монголын таван бөх сумогийн ертөнцийг бүрмөсөн орхихоор боллоо.
Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёэд Озэки Харумафүжи Д.Бямбадорж 14 даваа, нэг унаатай дээд зиндааны хоёр дахь түрүүгээ авлаа. 2011.07.24
CNN энэ оны наймдугаар сарын тусгай дугаараа монголчуудад зориулсан. Монголын талаар онцолсон ээлжит эрхэм нь мэргэжлийн сумо бөхийн экс-ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж байв.
Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшю башё Фүкүока аралд өндөрлөж, их аварга Хакухо М.Даваажаргал башёгийн түрүү бөхөөр тодорсноор нийт мэргэжлийн сумо бөхийн макүүчи зиндаанд 21 дэх түрүүгээ авлаа. 2011.11.28
Румын улсын нийслэл Бухарест хотноо чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс өсвөрийн анхдугаар олимпийн наадмын аварга, ОУХМ Б.Батцэцэг хүрэл медаль хүртсэн байна. 2011.07.28
Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ наймдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Унгарын Зомбаттелли хотноо болж хөвгүүдийн төрөлд манай тамирчид медаль хүртэж чадаагүй ч охидоос Ц.Намуунцэцэг /38 кг/, А.Батцэцэг (52 кг) нар мөнгөн, С.Цэрэнчимэд /60 кг/, Б.Нямгэрэл /65 кг/ нар хүрэл медаль хүртэж, Монголын охид багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
Туркийн Стамбул хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 120 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар зодоглож шагналт байранд шалгарснаар олимпийн эрхээ авлаа. 2011.09.18
Туркийн Стамбул хотноо 2011 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-18-нд болж, өндөрлөлөө. Олимпийн жин болох 63 кг-д хүрэл медаль хүртсэн О.Насанбурмаа чөлөөт бөхийн тамирчдаас анхны эрхийг авсан юм.
Туркийн Стамбул хотноо 2011 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монгол Улс чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээр оролцсноос эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /51 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/ нар мөнгө, О.Насанбурмаа /63 кг/ хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарчээ.
Германы бөхийн чөлөөт барилдааны Бундеслигт барилдаж буй Гавьяат тамирчин Б.Наранбаатар зодоглож байна. Түүний харьяалагдаж буй Зарбрукен хотын “KSV Kollerbach” клуб плей-оффт шалгараад байна. 2011.12.26
Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хоёрхон тамирчин байдгийн нэг нь М.Бундмаа юм. Түүний амжилтыг үнэлж Монгол улсын Гавьяат тамирчин цол олгов. 2011.03.21
Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид жүдо бөхийн насанд хүрэгчдийн ААШТ-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ зодоглож, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд аваргын алтан медаль хүртлээ.
Монголын тулгар төрийн 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд олимпийн аварга жүдоч Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг нарын жүдочид зодоглолоо. 2011.07.11-12
Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль хүртэгсдийн дунд 90 жилийн ойгоо тэмдэглэж буй спортынхон жин дарсан билээ. Монголын жүдогийн нэгэн домог гэж хэлж болохуйц нэрт дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох Хөдөлмөрийн баатар болов.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням томилогдлоо. 2011.10.06
Францын нийслэл Парис хотноо 2011.08.23-28-нд болсон Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д эрэгтэй долоон жинд 14, эмэгтэй зургаан жинд есөн жүдоч, нийт 23 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль авч чадсангүй.
Олон улсын жүдо бөхийн “Дэлхийн цом” ангилалд багтах Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан 2011” тэмцээн 2011.09.9-10-ны өдрүүдэд болж 22 орны эрэгтэй 93, эмэгтэй 71 тамирчин оролцсноос монголын шигшээ баг багаараа тэргүүлэв.
МУ-ын олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр БНСУ-ын Чэжү хотод болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд -100 килограммын жинд хамгийн хатуу самар гэгдэх, эзэн орны бөх, Дэлхийн аварга Хванхи Тэ-г дэвжээн дээр нь буулган авч “Дэлхийн цомын аварга” боллоо. 2011.12.02
Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Оюутолгой” компанийн элч тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. 2011.11.09
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос санаачлан зохион байгуулах болсон “World Masters-2012” тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 14, 15-нд Казахстаны Алматы хотноо болно. Монголын 12 бөх шигшигдсэн шилдгүүдийн эгнээнд багтаж, Алматыгийн татамид өрсөлдөх эрхтэй болжээ.
Эмэгтэй сагсчдын шигшээ баг анхны тэмцээндээ Хятадын биеийн тамирын дээд сургуулийн шигшээ багтай тоглосон бөгөөд 70:64 харьцаатай хожигджээ. Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид 1994 онд Хятадад олон улсын тэмцээнд оролцсоноос хойш анх удаа хилийн дээс алхаж буй нь энэ бөгөөд 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотод болох Зүүн Азийн наадамд оролцож, амжилт үзүүлэх зорилготой байгаа билээ.
Өсвөрийн шигшээ тивдээ үнэлэгдэв. Монголын 13 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ баг Азийн хөлбөмбөгийн холбооны фестивальд амжилттай оролцсон байна. Бээжин хотоос холгүй орших “Үндэсний хөлбөмбөгийн бэлтгэлийн төв”-д 2011.04в22-28-нд болсон наадамд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Тайвань, Гуам, Макао гэсэн есөн улсын баг өрсөлджээ.
Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын санаачлагаар Улаанбаатар хот дэргэдээ хөл бөмбөгийн багтай боллоо. УБ хот маань дэлхийн номер нэг спорт болох хөл бөмбөгийн “Эф-Си Улаанбаатар” багтай болж буйгаа албан ёсоор зарлаж, ивээн тэтгэгч, гишүүд дэмжигчиддээ багаа танилцуулсан юм. 2011.05.20
“Талын хөх чононууд” хочит Монголын шигшээ баг түүхэн ялалт байгууллаа. “Бразил-2014” ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгуулах тэмцээний эхний шатны эхний тоглолт Улаанбаатар хотод болж, талбайн эзэд Мьянмарын багийг 1:0-ээр буулган авав. 2011.06.30
Монгол Улс 2000 оноос өдий хүртэл таван улсын шигшээ багийг найман тоглолтод хожоод байна. Үүнд Гуамыг дөрөв, Макаог хоёр, Марианы арлууд болон Филиппиний шигшээг нэг удаа хожжээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Жейсин Мутиа болон бусад албаны хүмүүсийг “Олимпик Хаус”-т хүлээн авч уулзлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Жейсин Мутиа болон бусад албаны хүмүүсийг “Олимпик Хаус”-т хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монголын өнөөгийн спортын талаар танилцуулга хийж, хөлбөмбөгийн спортыг хэрхэн цаашид хамтран хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011.11.11-ний өдөр Азийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч ноён Занг Жилонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монголын хөлбөмбөгийн спортын томоохон бүтээн байгуулалт гэж болох “Футзалын ордон”-ы нээлтийн ёслол 2011.11.12-нд боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АХБХЕрөнхийлөгч, ОУХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Жанг Жилонг, МХБХ-ны ерөнхийлөгч, АХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганболд, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Италийн алдарт “Интер Милан” багийн төлөөлөгчид оролцсон юм.
“Футзалын ордон” 630 хүний суудалтай бөгөөд футзалын бүхий л тэмцээн олон улсын дүрмээр зохион байгуулагдах болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх, заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээний нээлтийн ёслол 2011.11.28-ны өдөр Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт боллоо. “Дуулиан-2020” тэмцээний зургаа дахь улирлын аваргууд ирэх жилийн дөрөвдүгээр сарын 16-нд тодрох аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна