“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэг боллоо

2012 оны 4 сарын 5

Ардчилсан залуучуудын холбооноос зохион байгуулсан “Цахим Ардчилал” онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг нар оролцлоо
Өнөөдөр Монгол Улсад амьдарч буй нийт хүн амын 30 гаруй хувь буюу 800.000 гаруй мянган хүн болон гадаадын улс орнуудад амьдарч буй олон мянган иргэд интернэтийн байнгын хэрэглэгч болсон байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа юм.
Түүний дотор Facebook, Twitter зэрэг олон нийтийн харилцааны сүлжээнүүдэд Монголын олон мянган залуучууд нэгдээд билээ.
Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэлхий нийтийн техник, технологийн дэвшилтэт ололт болсон цахим ертөнцийг ашиглан хөгжлийн асуудлуудаар залуучуудтай санал бодлоо солилцох, тэдэнд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгийг цувралаар зохион байгуулахаар болсон байна.
Онлайн хэлэлцүүлэгийг Ардчилсан нам, Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг, гадаадад амьдарч буй монголчуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зэрэг төрөл, хэлбэрүүдээр цувралаар зохион байгуулах бөгөөд өчигдөр болсон нээлтийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг зочноор оролцож, залуучуудтай улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар болон залуучуудын хөгжлийн асуудлаар онлайнаар харилцан санал бодлоо хуваалцлаа.
Энэ үеэр залуучуудын талаар баримтлах төрийн бодлого, хариуцлагатай уур уурхай, төрийн ил тод байдал, улс төрийн намуудын үйл ажиллагаа, сонгуулийн хууль, 7 сарын 1-ний хэрэг явдал, үнийн өсөлт зэрэг олон асуудлыг хэлэлцүүлэгт оролцож буй залуучуудын зүгээс чөлөөтэй хөндөж байснаас гадна нийгэмд газар авсан шударга бус байдал, зарим улс төрийн нам, улс төрчдийн хариуцлагагүй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Тус онлайн хэлэлцүүлэгт Монгол Улсын өнцөг булан бүрээс болон гадаадын улс орнуудаас хамгийн хандсан үедээ 1200 гаруй, давхардсан тоогоор нийт 6000 орчим залуучууд оролцсон байна.
Өмнө нь Ардчилсан Залуучуудын Холбооноос “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд залуучуудын үзэл бодол, мэдлэг, мэдээллээ хуваалцдаг хамгийн том сүлжээ болсон Facebook сүлжээг ашиглан Монголд анх удаа үндэсний фэйсбүүк форумыг амжилттай зохион байгуулж байсан ба тус форумд давхардсан тоогоор 10.000 гаруй залуучууд онлайнаар оролцож байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна