Испани - Итали 4:0

2012 оны 7 сарын 2

Украйны нийслэл Киев хотын Олимпийн цэнгэлдэхэд болсон ”Евро-2012” тэмцээний финалын тоглолт 4:0 харьцаатай Испанийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж, ”Ялагдашгүй Армада” гурван том тэмцээнд дараалан түрүүлсэн түүхэн дэх анхны баг болж, нэрээ мөнхөллөө.
Украйны нийслэл Киев хотын Олимпийн цэнгэлдэхэд болсон "Евро-2012" тэмцээний финалын тоглолт 4:0 харьцаатай Испанийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж, "Ялагдашгүй Армада" гурван том тэмцээнд дараалан түрүүлсэн түүхэн дэх анхны баг болж, нэрээ мөнхөллөө. 2010 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Швейцарийн багт хожигдсоноос хойш ганц ч ялагдал хүлээгээгүй, босоо байгаа яруу алдарт Испанийн шигшээ ийнхүү олон шинэ амжилтаар түүхийн хуудсаа зузаатгаж байна.
Давид Сильвагийн мөргөж оруулсан гоол, Йорди Альба төгсгөлийг нь тавьсан довтолгооны хувилбар, "Челси"-гийн хамтрагч болох Фернандо Торрес, Хуан Мата нарын гоолын ачаар Испанийн баг ялалт байгуулж, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалд хамгийн олон гоолын зөрүүгээр өрсөлдөгчөө буулган авсан амжилтын эзэд болов.
Италичууд сүүлчийн буюу гурав дахь солилцоогоо хийсний дараахан Тьаяго Мотта 60 дахь минутад гэмтэл авснаар талбайг чөлөөлж, Италийн шигшээ тоглолтын сүүлийн 30 минутыг 10-уулаа өнгөрүүлэх болсон юм. Гэхдээ хүн дутуу болохоос өмнө ч тив, дэлхийн аварга испаничууд талбайд илүүрхэж, тоглолтын харьцаа хэдийнэ 2:0 харьцаатай болсон байсан тул Анри Делонегийн цомд нэрээ шивүүлэх эрхтэй өвөртлөөд байсан гэж болно.
Ийнхүү "Ялагдашгүй Армада" Буурал тивийн аваргад хоёр дараалан ноёлсон, Фернандо Торрес "Евро"-гийн хоёр ч тэмцээний финалд гоолдсон, Висенте дел Боске Испанийн шигшээг удирдаж, тив, дэлхийн аваргад цойлсноор Баруун Германы Хельмут Шёны амжилтыг давтсан гээд шинэ түүхийн, шинэ амжилтын эзэд болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна