ВВС: 2012 оны онцлох үйл явдал гэрэл зурагт

2012 оны 12 сарын 27

ВВС: 2012 оны онцлох үйл явдал гэрэл зурагт
Барак Обама 2012 оны намар америкчуудаас өмнөх шигээ дэмжлэг авч чадахгүй болсон байлаа. Эдийн засгийн амь төдий өсөлт, ажилгүйдлийн өндөр төвшин, хүчээ хуримтлуулсан Бүгд найрамдах нам зэрэг нь Обамагийн сонгуулийн ялалтыг ар тийш нь татаж мэдэхээр байв. Гэлээ ч тэр Ерөнхийлөгчийн сонгуульд давуу ялалт байгуулан, сонгогчдын төлөөлөгчдийн 332 санал авсан юм. Харин түүний өрсөлдөгч Митт Ромнийн төлөө тэдний 206 нь санал өгсөн байв. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Ромнийн ялагдал Бүгд найрамдах намын сонгуулийн стратеги дутагдалтай байсныг харуулсан гэхэд болно. Цагаан арьстан эрэгтэйчүүд Ромнийн төлөө байсан ч тэдний тоо АНУ-д буурсаар байгаа. Харин Обама эмэгтэйчүүд, өнгөт арьстнууд болоод латин америкчуудад тулгуурласан нь зөв болжээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Сонгуулиас хэдхэн хоногийн өмнө АНУ-ын зүүн эргийг “Сэнди” хар салхи дайран өнгөрлөө. Шуурганд хамгийн ихээр нэрвэгдсэн Нью-Йорк хотын зарим газар усанд автаж, гэрэл цахилгаангүй болсон байв. Барак Обама сонгуулийн кампаниа зогсоон, холбооны Засгийн газрын хүчийг гамшгийн үр дагаврыг арилгах хэрэгт дайчилсан юм. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Америкийн сонгуультай бараг ойролцоо хугацаанд ДНБ-ний үйлдвэрлэлээрээ Америкийг эрчимтэй гүйцэж буй БНХАУ-ын эрх баригчид солигдлоо. Элдэв таавар, таамаггүйгээр коммунист Хятадын тав дахь үеийн удирдлага сонгогдов. Эрх баригч Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооы шинэ гишүүд Си Жиньпинээр толгойлуулан ажиллах болно. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Хятадын коммунистууд их хурлынхаа өмнө шинэ удирдлагад орж ирэх магадлал өндөртэй, амбиц ихтэй улстөрч Ба Силайгаас салав.Томоохон хот болох Чунцины намын байгууллагын тэргүүн бусдаасаа тод ялгарч, үндсэрхэг үзэл, Маогийн өвөөр нэгэн зэрэг тоглосон хүн байв. Эхлээд түүний эхнэрийг Британийн бизнесмен Нил Хейвудыг хөнөөсөн гэж яллан шүүсэн бол дараа нь түүнийг намаас нь хөөж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
2012 оны эхээр жуулчдын хөлөг онгоц болох “Косто Конкорди” Италийн Жильо хотын ойролцоо хад мөргөн живжээ. 32 хүн амиа алдсан байлаа. Эрх баригчид хөлгийн ахмад Франческо Скеттиног осол гаргаж, хөлгөө орхин зугтсан зэргээр буруутгав. Хөлөг онгоцыг сэргээн засварлаж, ирэх жилээс эргэн ашиглах ажээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Францад 1995 оноос хойш анх удаагаа зүүний хүчний төлөөлөгч ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Социалист Франсуа Олланд сонгуулиар өмнөх ерөнхийлөгч Николя Саркозийг ялав. Олланд хамтран амьдрагч /албан ёсны эхнэр биш/ Валери Триервейлерийн хамт Елисейн ордонд амьдран суухаар иржээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Wikileaks сайтыг үндэслэн байгуулагч Жулиан Ассанж Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд зугтан орж, бүглээ. Британийн засаг захиргаа түүнийг Шведэд шилжүүлэхийн төлөө байгаа учраас хэрэв тэр элчингийн байрнаас гарвал баривчлагдах ажээ. Цагдаагийнхан ЭСЯ-ыг манаж байгаа учраас Ассанж тэнд амьдарч байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Бүтэн жилийн турш Сирид ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг бослого үргэлжилж байна. Мөргөлдөөн Дамаск, Алеппо зэрэг томоохон хотуудыг дайрав. Барууны орнууд дэглэмээс дипломат харилцаагаа таслан, босогчдыг дэмжиж байна. Гэхдээ энэ мөргөлдөөнд өөрчлөлт гарсангүй. Засгийн газрын цэрэг хүнд зэвсгээр давамгайлсан хэвээр мөн Орос тэргүүтэй орнууд дэглэмийг дэмжиж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр Сирийн иргэний дайнд амь үрэгдэгсдийн тоо 40 мянгаас давжээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Арабын хаврын үр дагаврыг амсаж байгаа Египетэд ажиглагчид ерөнхийд нь шударга, чөлөөт гэж үнэлсэн ерөнхийлөгчийн сонгууль энэ хавар болов. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний дэмжсэн Мохаммед Мурси тэр сонгуульд яллаа. Тэрээр өөрийн эрх мэдлийг хязгааргүй болгох зарлиг буулган, Египетийн нийгмийн мэдэгдэхүйц хэсгийн уур хилэнг хөдөлгөсөн юм. Исламын хуулинд тулгуурласан Үндсэн хуулийн талаар тэр бүх нийтийн санал асуулга явуулж, түүнийг хүн амын олонхиор дэмжүүлжээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Хэдэн арван жилээр улс орноо захирч байсан Маумар Каддафи жилийн өмнө алагдсанаас хойш Ливид чөлөөт сонгуулт боллоо. Гэхдээ тэнд есдүгээр сарын 11-нд гарсан үйл явдал олны анхаарлыг татав. Их зөнчийг доромжилсон гэх сонирхогчийн кинонд дургүйлхсэн исламчууд Бенгази хот дахь Америкийн консулын газрыг шатаан, тэнд байсан Элчин сайд Кристофер Стивенийг хөнөөсөн юм. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Бенгазийн хэрэг явдалтай холбоотойгоор түүнийг “Аль-Каида” зохион байгуулсан уу гэх асуудал сенаторуудын анхаарлыг татлаа. Нэн ялангуяа, бүгд найрамдахчууд энэ талаар Тагнуулын төв газрын дарга Дэвид Петрэусаас тайлан шаардаж эхлэв. Гэтэл Петрэус өөрөө намтарыг нь зохиогч Пола Бродуэллтай хайр сэтгэлийн холбоотой байсан гээд огцров. Мөн энэ дуулианд бас нэг дайчин генерал Жон Аллен татагдсан байв. Тэрээр Петрэусаас командлалыг нь Афганистанд залгамжлан авсан байлаа. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Милан хотын шүүгчид ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг өөрийн Mediaset медиа компанийг татвараас зайлсхийлгэсэн хэрэгт буруутган нэг жилээр хорих ял оноов. Берлускони давж заалдсан бөгөөд эрх чөлөөтэй хэвээр байгаа. Мөн тэрээр улс төрөөс явахгүй гэдгээ мэдэгдэхийн сацуу Марио Монтигийн Засгийн газрын олонхийг дэмжлэгийг унагаж чадсан юм. Засгийн газар нь үүний улмаас огцров. Берлускони өдгөө 76 настай ч ирэх жилийн сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгджээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Сүүлийн жилүүдэд улс төрийн авторитаризм хүчээ авч байсан Гүрж, Украин хоёрт сонгууль болж, өнөөгийн ерөнхийлөгч нарынх нь байр суурийг сулрууллаа. “Гүрж мөрөөдөл” эвсэл сонгуульд ялсныг ерөнхилөгч Михал Саакашвили аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөв. Ерөнхий сайд болсон долларын тэрбумтан Бизина Иванишвилийг Оростой тохиролцоо хийж чадах хүн гэж шинжээчид нэрлэж байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Украинд Виктор Януковичийн холбоотнууд парламентын олонхийг хадгалж чадлаа. Гэхдээ сөрөг хүчин хүчээ нэмэгдүүлж чадав. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Арваннэгдүгээр сард Израиль ХАМАС-ын дайчдын эсрэг шинэ довтолгоон хийлээ. Израилийн хил орчмын бүсийг Газын зурвасаас пуужингаар харвах нь ихэссэн учир дээрх сөргөлдөөнийг үүсгэв. Сөргөлдөөн эхлээд долоо хоногийн дотор ХАМАС Тель-Авив хотыг хол тусгалтай пуужингаар бууджээ. Гэхдээ Израиль өөрсдийн “Төмөр бүрхүүл” гэх пуужингийн довтолгооны системийнхээ өндөр чадвартайг харуулсан юм. Сөргөлдөөн хэврэг тохиролцооны эвлэрлээр төгссөн билээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна