Б.Төгсжаргал таван номоо нэгэн зэрэг “өлгийдөн” авлаа

2013 оны 1 сарын 17

Яруу найрагч Б.Төгсжаргал "Баясалгагч охины зүүд" яруу найргийн түүвэр, "Айсуй" сэтгүүл зүйн сурвалжлага, тэмдэглэлийн эмхэтгэл, аавтайгаа хамт бүтээсэн "Нутаг ертөнц" найргийн цомгоо нэгэн зэрэг өлгийдөн авч, энэ сарын 15-ны өдөр “Интер” номын дэлгүүрт номын баяраа хамтатган тэмдэглэсэн юм.
Найрагч бүсгүй эдгээр бүтээлүүдээ мөн энэхүү номын хуримаа аавынхаа дурсгалд зориулан зохион байгуулсан юм. Тэрээр хэлэхдээ: “Миний аав “Монголын үнэн” сонин, "Тоншуул" сэтгүүл, Сүхбаатар, Дорнод аймагт "Монголын радио", "Монцамэ агентлаг"-ийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байлаа. Аавынхаа утга зохиол, сэтгүүл зүйн замд өгсөж, уруудаж байсан шатаар нь алхаж, аавтай минь хамт ажиллаж байсан найз нөхөд, шавь нартай нь нөхөрлөж яваа маань намайг өдий зэрэгт хүргэсэн" гэсэн юм.
Номын нээлтэд Ардын уран зохиолч Т.Галсан, СГЗ Г.Мэнд-Ооёо, нэрт зохиолч яруу найрагч, гүн сэтгэгч Д.Урианхай, СГЗ Ү.Хүрэлбаатар, СГЗ Г.Аким, ШУ-ны доктор Д.Галбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан зэрэг утга зохиол, урлаг соёлын “акул”-ууд хүрэлцэн ирсэн нь залуу найрагчийн үнэ цэнийг тодотгож өгсөн юм.
Номын баярт хүрэлцэн ирсэн хүндтэй зочид болох Сүхбаатар аймгийн багш нарын төлөөлөл тайзнаа гарч ирэн, баяр хүргэхдээ түүний аавынх нь шүлгээс уншиж, “Наран мандах нутаг” дуугаар ая дууны хадаг өргөлөө.
Сүхбаатар аймаг О.Дашбалбар, Д.Нямсүрэн зэрэг үгийн их мастеруудыг төрүүлсэн өлгий нутаг. Эдгээр найрагчдын “шийрийг хатааж”, Дарьганга найргийн гал голомтыг сахиж яваа Батсүхийн Төгсжаргал судалгаа шинжилгээний олон арван нийтлэл, өгүүлэл бичиж, орчуулгын 10 гаруй ном редакторлаж, төв, орон нутгийн радио, телевиз, сонины газарт ажиллаж 100 гаруй нийтлэл, тэмдэглэл, нэвтрүүлэг бэлтгэн хэвлүүлжээ. Түүний энэ их хөдөлмөр зүтгэл, ур чадварыг үнэлж, МСЭ-ийн “Ган үзэгтэн” цол тэмдэг, Сүхбаатар аймгийн “Алтан овооны хишиг” медаль гардуулсан юм.
Б.Төгсжаргал нь Шүүдэрцэцэгийн “Ану хатан” жүжгийн дууны үгийг бичсэн. Энэхүү дууг жүжигчин СТА Ц.Баясгалан амилуулан үзэгч, сонсогчдод хүргэсэн юм.
Найрагч бүсгүй аавынхаа дурсгалд зориулан “Соёлын ертөнц” санг байгуулжээ. Тус сангаас 12 ном эрхлэн гаргаад байгаа бөгөөд энэ жил Хятадын нэрт зохиолч Чүн Яаогийн зохиолыг орчуулахаар болжээ. Б.Төгсжаргал нь Хятад хэлний гурван толь бичиг редакторлажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна