Бекхэмийн хамгийн онцгой мөчүүд

2013 оны 5 сарын 17

Английн багийн ахлагч асан Дэвид Бекхэм зодог тайлах болсноо мэдэгдлээ. Өдгөө 38 настай Бекхэм хөлбөмбөгийн ертөнцөө гайхалтай оновчтой чөлөөт цохилт, идэвхитэй тоглолтоороо фанатуудын хүндэтгэлийг, царайлаг, ганганаараа охид бүсгүйчүүдийг хайрыг татдаг нэгэн билээ.
“Уимбледон гоол” /1996 оны наймдугаар сарын 17/ Дөнгөж 21 настай Бекхэм талбайн төв хэсгээс “Уимбледон” багийн хаалгач Нэйл Салливенийг хэмжиж цохин гоолдсон юм. Үүнийг “Уимбледон гоол” гэж нэрлэх бий. Энэхүү гоолыг үзсэн Английн нэрт хөлбөмбөг тайлбарлагч Жон Мотсон “Дэвид Бекхэм. Чи Английн шигшээ багийн ирээдүй юм аа” гэж дуу алдсан гэдэг.
Бекхэм багаа “хөөдсөн” нь /1998-6-30/ Шөвгийн 16-гийн Аргентиний шигшээ багтай хийсэн тоглолтын 47 дахь минутанд эсрэг Диего Симоние дээр дүрмийн бус алдаа гаргаж Бекхэм талбайгаас хөөгдөв. Тус тоглолтод довтлогч Габриэль Батистута/Аргентин/, довтлогч Алан Ширер/Англи/, хагас хамгаалагч Хавиер Занетти/Аргентин/, Майкл Овен/Англи/ нар гоолдож үндсэн цагт 2:2-ын харьцаагаар тэнцэж, пеналтиас 4:3-ын харьцаагаар Англи ялагдсан юм.
“Ман Ю” багтай гурван цом хүртэв /1999 он/ 1999 оны улирлыг “Манчестер Юнайтед” баг Премьер лиг, Холбооны цомын аварга, Аваргуудын лиг зэрэг европ тивийн гурван тэмцээнд түрүүлэв. Премьер лигт ээлжит цомоо авахын тулд “Ман Ю” улирлын сүүлчийн тоглолтоо Тоттенхэмтэй хийж 1:0-ийн харьцаатай хожигдож байв. Харин "Ман Ю”-гаас гурван оноо дутуу Арсенал хожиж, Премьер лигт түрүүлэхэд ойрхон байв. Харин Бекхэм гоол оруулж тоглолт тэнцээгээр өндөрлөж “Ман Ю” Арсеналаас нэг онооны илүүтэй түрүүлсэн түүхтэй. Тухайн үед яг л өнгөрсөн жилийн Манчестер Сити Серхио Агуэрогийн гоолоор Премьер лигт түрүүлдэг шиг зүйл болжээ.
Бекхэм Английн шигшээн ахлагч болов /2000-11-15/ 1999-2000 оны хооронд Английн шигшээ багийг дасгалжуулж байсан Кевин Кийгэн аравдугаар сард халаагаа өгсний дараахь үе. Богино хугацаанд дасгалжуулагчийн буухиаг үргэлжлүүлэх болсон Петер Тайлор Бекхэмийг шигшээ багийн ахлагчаар томиллоо. Ахлагч Бекхэм 2002 оны ДАШТ-ний сонгон шалгаруулах шатны Мюнхен хотноо Германтай хийсэн тоглолтод багаа 5:1-ийн харьцаагаар ялахад, бүх гоолд оролцжээ.
“Грек гоол” /2001-10-6/ 2002 оны ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод Грекийн шигшээ багтай хийсэн тоглолтонд 2:2-ийн харьцаатай тэнцсэн ч Бекхэм багийнхаа баатар нь болсон юм. Англичуудад энэ тоглолтоос хожил юмуу тэнцээ авахад хэсгээсээ гарч шигшээ 32 багийн нэг болох боломжтой байсан юм. Гэсэн ч Англичууд Грекийн шигшээ багт 2:1-ийн харьцаатай хожигдсоор тоглолтын үндсэн цаг өндөрлөж, шүүгч гурван минут сунгасан юм. Бекхэм нэмэлт цагийн 93 дахь минутад тэнцээний гоолыг хийсэн. Энэ бүхэн багийн ахлагчийн гавъяа. Улирлын тоглолтуудад идэвх сайтай байсан Бекхэм Английн BBC телевизийн Оны шилдэг Спортын алдартан санал асуулгын 2001 оны ялагч болсон юм.
Аргентинаас хариугаа авав /2002-6-7/ Англи 2002 оны ДАШТ-нд Швед, Аргентин, Нигерийн шигшээ багуудтай үхлийн хэсэгт багтсан Англичууд эхний тоглолонд Швейдтэй тэнцэж, хоёр дахь тоглолтонд Аргентинийг 1:0-ийн харьцаатай хожиход багийн ахлагч Бекхэм 44 дэх минутанд торгуулийн цохилтоос гоолдож, ус агаар мэт хэрэгтэй гурван оноогоо авч хэсгээсээ гарах боломжтой болсон түүхтэй.
Бекхэм Ферги рүү гутлаа шиджээ /2003-2-18/ Манчестер Юнайтедийн дасгалжуулагч Алекс Фергюсон болон Бекхэм нарын хоорондын харилцаанд 2000 онд таарамжгүй байдал үүсэв. Тухайн жил Бекхэмийн хүү Брүүклиний ходоод, нарийн гэдэс үрэвссэнээс шалтгаалж , Фергюсон Бекхэмийг бэлтгэлээс чөлөөлсөн байна. Харин энэ үед Фергюсон Лондонд загварын долоо хоногийн үйл ажиллагаанд зураг авалттай байсан Викториа Бекхэмд сургамжийн үг чулуудсанаас болж дээрх байдал үүссэн учиртай. Үүнд Бекхэм дургүйцлээ илэрхийлэн, хувцас солих өрөөнд Сэр Алекс Фергюсон руу гутлаа шидсэн гэдэг.
Бекхэм “Реал Мадрид”-д ирлээ /2003-6-18/ Бекхэмийг “Ман Ю” “Барселона” багт худалдахаар болсон ч 35 сая еврогоор дөрвөн жилийн гэрээтэйгээр “Реал Мадрид”-д зарлаа. Бекхэмээс өмнө “Реал”-д Лауре Куннигхам, Стив Макманаман нарын Англи тоглогч Испанийн эзэн хааны багт алба хашиж байжээ. Бекхэм “Реал”-д тоглосон Английн гурав дахь тоглогч болов. Бекхэмийг “Реал”-д ирэхэд Английн шигшээ болон Манчестер Юнайтедын бүрэлдэхүүнд байх үеийн долоо дугаарын өмсгөлийг багийн ахлагч Раул эзэмшдэг байв. Тиймээс домогт Майкл Жорданы шүтэн бишрэгч Бекхэм 23 дугаарын өмсгөлтэй тоглохоор болов. Тухайн жилийн “Реал Мадрид” багийн шинэ дүр төрх болсон Бекхэм 16 тоглолтонд оролцож таван гоол оруулав. “Реал” Испанийн супер цомд түрүүлж, Эзэн хааны цомд аман хүзүүдэж, Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч, Ла лигт дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Английн шигшээн ахлагчаас татгалзав /2006-7-2/ 2006 оны ДАШТ-нд Англи хэсгийн эхний хожлоо Парагвайн шигшээ багтай хийсэн тоглолтонд Бекхэмийн чөлөөт цохилт эсрэг багийн ахлагч Карлос Гамаррагийн толгойгоос хачир авч гоол орж 1:0-ийн харьцаатай хожлоо. Харин шөвгийн 16-гийн шатанд Эквадорын шигшээтэй хийсэн тоглолтод 59 дэх минутанд чөлөөт цохилтоос цорын ганц гоолыг оруулсан. Энэ бүх тоглолтод Английн шигшээ баг гоолоор цангаж, хожлын гоол болгонд ахлагч Бекхэм оролцож байв. Харин шөвгийн наймд Португалийн шигшээтэй хийсэн тоглолтод Бекхэм бага зэргийн гэмтлийн улмаас сэлгээний сандалд нүдэндээ нулимстайгаар сууж байлаа. ДАШТ-нд Португалд торгуулийн цохилтоос ялагдал хүлээсний дараа Бекхэм өөрийгөө буруутай гэж үзэн: -Миний хувьд улсаа төлөөлж 95 тоглолтонд оролцсоны 58-д ахлагчийн хувиар оролцлоо. Шинэ дасгалжуулагч Стив Макларены удирлаган дор шинэ төлөөлөл багаа ахлах нь зүйтэй хэмээн мэдэгдээд “Челси” багийн Жон Террид ахлагчийн туузаа шилжүүлсэн юм.
Бекхэм ЛА Галакситай гэрээ байгуулав /2007-1-12/ Бекхэм ирсний дараа “Реал” лигтээ хоёр удаа түрүүлэв. Улмаар Хосе Антонио Рейесийг ирснээс хойш Бекхэмийг гараанд гаргахаа болив. Ингэснээр Бекхэм багаа орхих болсноо зарлаж, 2007 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр АНУ-ын Лос Анжелэс Галакси багтай таван жилийн гэрээ байгуулсан юм. Бекхэм Америкт ирснийхээ дараа: -Би энэ багт супер од болохоор ирсэн юм биш. Энэ багийн нэг хэсэг нь болохоор ирсэн. Би энд хөлбөмбөг тоглохоор ирсэн. Америкт хөлбөмбөг бэйсбол, сагсан бөмбөг, америк хөлбөмбөг шиг олон үзэгчтэй гэж хэлэхгүй. Гэхдээ тоглож буй багийнхаа нэг хэсэг байхын төлөө хичээх болно гэж ярилцлага өгсөн удаа бий.
Бекхэм Лондон 2012 олимпийн нүүр царай болов /2012/ “Лондон-2012” олимпийн наадамд Их Британийн шигшээ багт багтаж чадаагүйдээ сэтгэл дундуур байсан хөлбөмбөгч Дэвид Бекхэм олимпийн галт бамбарыг Темза мөрөн дээгүүр завиар авч явж, олимпийн цэнгэлдэхэд хүргэж өгчээ. “Лондон-2012” наадамд Их Британийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч болох нь сүүлчийн хүсэл хэмээн ярьж байсан Дэвидийг шигшээ багт заавал орох ёстой хүний нэг гэх хүн олон байсан ч Английн олимпийн хороо түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Бекхэм ПСЖ-д ирлээ /2013-1-31/ АНУ-ын “ЛА Галакси” багт таван жил хүчин зүтгэсэн Дэвид Бекхэм Францын “ПСЖ” багтай таван сарын гэрээ байгууллаа. Бекхэм долоо хоногийн 150 мянган паундын цалин авах юм. Гэвч алдарт хөлбөмбөгч цалингаа Парист байдаг хүүхдийн асрамжийн газар хандивлахаар болжээ. Тэрбээр “ПСЖ” багт 32 дугаартай тоглохоор болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна