“Range Rover”-ууд 2014 он хүртэл эздээ хүлээж үлдлээ

2013 оны 9 сарын 25

Хамгийн өндөр шагналын сантай “Range Rover Golf Cup”-д гадаад, дотоодын тамирчин оролцлоо. Ингээд эрчүүдийн медальт байранд 1.Д. Өлзийдэлгэр 2.Б.Мөнхбаатар 3.Шин Тэ Гүн Handicap-т 1.Ю.Цолмонбаатар 2.Э.Гангамөрөн Эмэгтэйчүүдийн 1-р байранд Б.Баярмаа нар оржээ. Мөн гольфын бөмбөгийг 250 метр буюу хамгийн хол цохьсон тамирчнаар Ким Жаэ Со, бөмбөгийг нүхэнд хамгийн ойртуулсан оролцогчоор Б.Батмөнх шалгарлаа.
Энэ жилийн хамгийн сүүлийн дулаан өдөр өнгөрсөн Бямба гарагт тохиов. 9 сарын 21-ний өдөр билэгт сайн өдөр байсан тул гадуур хурим найрын арга хэмжээ их байв. Харин “Скай Резорт” цанын баазын зэргэлдээх Богд Уулын гольфын талбайд гольф тоглодог эрхмүүд цуглажээ. Тэд “Вагнер Ази Автомотив” компаниас зохион байгуулж буй “Range Rover Golf Cup” гольфын нээлттэй тэмцээнд оролцохоор ирцгээсэн нь энэ. Уг компаниас нийт үнэлгээ нь 675 сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн гурван ширхэг Range Rover-ын шагнал сан гаргажээ. Монголд өмнө нь ямар ч тэмцээн ийм өндөртэй үнийн дүнтэй зохион байгуулагдаж байгаагүй гэж зохион байгуулагчид нь онцолж байв.
Гольф тоглодог хүмүүсийн дунд улс төр, бизнес, нийгэм гээд салбар салбартаа манлайлагчид түлхүү байдаг аж. Арга ч үгүй биз. Энэхүү спортыг дэлхий даяар “Ард нь ажил нь асуудалгүй явж байдаг, амжилтанд хүрсэн хүний спорт” хэмээн томъёолсон байдаг. Тансаг зэрэглэлийн гэдгээрээ автомашины бусад брэндээс ялгардаг Range Rover-ын цөөнгүй хэрэглэгч нь гольфт дурласан эрхмүүд гэдэг нь машины зогсоол дээрээс харагдана. Өглөөний 11.00 цагаас тамирчид тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирж эхлэв. Нийт 18 нүхнээс урьдчилан сонгогдсон гурван нүхэнд hole in one буюу бөмбөгийг нэг цохилтоор оруулж чадсан тоглогчдод 293 сая төгрөгийн үнэтэй Range Rover, 215 сая төгрөгийн үнэ бүхий Range Rover Sport, 167 сая төгрөгөөр үнэлэгдсэн Range Rover Evoque зэрэг гурван загварын автомашин бэлэглэхээр бэлджээ.
Гольфчдын ихэнх нь олон жил энэ спортоор хичээллэж байгаа тул бүгд бие биенээ таних аж. Тэд “Мундаг байтай тэмцээн болох нь дээ. За тэгээд битгий тэр машин тавьсан нүхэн дээр бодол болоод удацгаагаад байгаарай. Дараагийнх нь хүмүүс авах гээд хүлээж байгаа шүү” гэх ба Range Rover унадаг хэд нь “Land Cruiser 200, Lexus 570 ч морь, бөхийн шагналд л өгдөг машин болсон доо” хэмээн өөр загварын машинтай хэддээ хандан бие биеэсээ “цаашлуулна”.
Гольфчдын дунд гадныхан, тэр дундаа солонгосчууд их харагдав. Солонгосчуудаас хар хөх бэлтгэлийн хувцас өмссөн эр монголоор их цэвэрхэн ярих юм. Тэрээр монгол гольфчидтой их дотно бололтой илэн далангүй яриа үүсгэнэ. Хүн бүртэй шахуу гар барьж дотносчлох Шин Тэ Гүн хэмээх солонгостой тамирчдын бүртгэл явагдаж байх үед ганц хоёр үе солив. 1996 онд анх удаа Монголд ирсэний дараахнаас гольф тоглож эхэлсэн ба 15 жил гольфоор хичээллэсэн гэнэ. Монголд амьдрах эхний жилүүддээ хувцас оёж Америк руу экспортлох бизнес эрхэлж байсан бол сүүлийн жилүүдэд “Халла” гэдэг солонгос хоолны ресторан ажиллуулах болжээ. Монголд ажиллаж, амьдардаг солонгосчууд тусдаа “Говь” нэртэй гольфын холбоо байгуулжээ. Өөрөө холбооныхоо нарийн бичгийн даргаар ажилладаг ба нийт 150 гаруй гишүүдтэй аж.
“Бид Монголын гольфын холбооныхонтой дотно харилцаатай ажилладаг. Манай хоёр холбооныхон уралдаан тэмцээн болох бүрд л цуг оролцдог. Манайхаас тэмцээн зохион байгуулвал Монголын гольфын холбооныхон оролцоно, тэд тэмцээн зохион байгуулвал бид оролцоно. Нэгдээд тэмцээн зохион байгуулах нь ч бий” гэж Шин Тэ Гүн сонирхуулав. Гольфод дурласан шалтгаанаа “Юм бодох цаг их гардаг, өөртэйгөө ярилцах, өөрийгөө сонсох боломж гардаг учраас би гольфод дуртай. 18 нүхний хооронд 4-5 цаг цэвэрт агаарт алхах ямар кайфтайг зүйрлэх юм биш. Үнэхээр гоё амралт болдог” гэж тайлбарлаад бүртгүүлэхээр цааш эргэв. Монголд жил бүр гольфын арваад тэмцээн болдог гэнэ. Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудаас зохион байгуулдаг "Korean Air", "Altai Cup", “Coca Cola Mongolian Open”, "Gobi Club", "UB Golf", "Чингис хаан", “Ballantine’s Golf Championship”, "Тэрэлж", Монголын гольфын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн зэргээс хамгийн том нь Үндэсний аварга шалгаруулах тэмцээн аж. Эдгээр тэмцээнд сайн тоглосон тамирчдыг шалгаруулан холбооноос олон улсын тэмцээнүүдэд оролцуулдаг байна.
Бүртгэл дуусч, 12.00 цагт тэмцээн эхэллээ. Бүртгүүлсэн 64 гольфчдыг дөрөв, дөрвөөр нь хувааж 16 багт хувиарлажээ. Гольфчид нэг бүр нь 6000 ам.долларын үнэтэй, баттерейгаар ажилладаг гольфын машиндаа хоёр, хоёроо сууцгаан талбайн зүг хөдлөв. Тэмцээний үеэр гольфын талбай руу гарч гольфчидтой ярилцах боломжгүй аж. Дээд зэргийн төвлөрөл шаарддаг спорт учраас бөмбөг цохих үед чанга ярих, инээх зэрэг анхаарал сарниулсан элдэв үйлдэл гаргаж болохгүй гэсэн бичигдээгүй хууль гольфын ногоон талбайд үйлчилдэг юм билээ. Бас талбайд хамаагүй явах нь гольфын бөмбөгөнд өртөх эрсдэлтэй гэж зохион байгуулагчид нь онцгойлон анхааруулав. Нисч байсан хэрээ гольфын бөмбөгөнд оногдон үхэж байсан жишээ ч бий гэнэ. Тамирчдын цохисон бөмбөг дунджаар 150 км/цаг хурдтай нисдэг ба дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар хэд хэдэн удаа шалгарч байсан Тайгер Вудсын бөмбөг гэхэд л 201 км/цаг хүрч байжээ.
17:00 цагийн үед тоглож дууссан тамирчид эхнээсээ эргэн ирсэн ба 17-р нүхэн дээр тавьсан Range Rover Evoque-ыг Сонин гэдэг тамирчин hole in one хийж авчээ гэсэн мэдээ сонссон тэд бөөн баяр болжээ. Гэвч энэ нь нөгөө л бие биеэ “цаашлуулсан” сенсаци байж. Hole in one хийсэн гэх дуулианы эзэн болсон эрхэм шаггүй сайн тоглодог гольфчдын нэгд ордог гэж Шин Тэ Күн ярьж байлаа. Шин Тэ Күнийг тоглолтын талбайгаас ирээд байхад нь бас уулзсан юм. Тэр “Би өглөө эхнэртээ hole in one хийгээд машин авчирна аа гэж хэлээд гарсан чинь байдаггүй шүү” гэж инээд алдсанаа “Өнөөдрийн тэмцээн их гоё болж байна. Иймэрхүү өндөр зохион байгуулалттай, чанартай тэмцээн цөөн. Гэхдээ яваандаа бусад тэмцээнүүд зохион байгуулалтын хувьд сайжирна гэдэгт итгэлтэй байна гээд сэдэв нь хуучраагүй байгаа тэмцээнийхээ сонинг хуваалцахаар гольфчид тойрч суусан ширээ рүү зүглэлээ. Тэр сайн тоглож, 81 оноо авсан гэнэ.
Шүүгчид оноогоо гаргахаар суух зуур эмэгтэй гольфчинтой уулзахаар бүсгүйчүүдийг хайв. Энэ удаагийн тэмцээнд зургаан эмэгтэй гольфчин оролцсон юм. Тэдний нэг нь Б.Шатарцэцэг. Монголын сайн гольфчин бүсгүйчүүдийн нэг. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны нэрэмжит гольфын эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний тэргүүн байрын шагналт тэрээр “Гоёл” наадмыг анх “Мода” нэртэйгээр зохион байгуулж байхад шилдэг загвар өмсөгч болж байсан юм. Гольфоор хичээлээд бараг арван жил болж байгаа гэнэ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр hole in one хийхэд хэцүү өдөр байна уу? - Өглөөдөө их салхитай байсан учраас hole in one хийх хүн гарсангүй. Салхитай өдөр хүмүүсийн цохилтууд ондоо болдог. 120 метрт долоогоор цохиход ордог байсан газар орохоо больчихдог. Ер нь хэм алдагддаг. -Ер нь манайд гольфын эмэгтэй тамирчид хичнээн байдаг вэ? - Байнга тоглож тэмцээнд ордог нь гэвэл арав хүрсэн байх шүү. Энэрэл гэж сайн тоглодог охин бий. Шинээр сурч эхэлснээс гэвэл энэ жилийн Улсын аварга болсон Нараа байна. Өнөөдрийн эмэгтэйчүүдийн аварга болсон Б.Баярмаа гэж бүсгүй бий. Өнөөдөр тоглосон Үржээ гэж ирээд яривал сайн тоглодог бүсгүйчүүд байгаа шүү. -Гольф хүнд юу өгдөг гэж та боддог вэ? -Ёс суртахуунтай, зарчимтай байхыг сургадаг. Оюуны хувьд маш их төвлөрөл шаарддаг учир бясалгал хийсэнтэй адил гэх нь ч бий. Стресстэй ажил хийдэг хүмүүс гольфын талбай дээр хоёр гурван цаг алхахдаа тэр бүхнээ мартдаг. Зөвхөн бөмбөгөндөө анхаарна. Яаж гоё цохих вэ гэж бодно. Гольф их олон цохилттой. Цохилт бүрээ бодно. Цохьсон бөмбөг өдөр бүр нэг цэг дээр бууна гэж байдаггүй. Тэр утгаараа сонирхолтой спорт. Гольфын талбайд гарсан хүн янз бүрийн дарамт, стрессээ мартдаг нь ийм учиртай. Оюуны ачаалалтай стресстэй ажилладаг хүмүүст маш хэрэгтэй спорт.
-Сая анзаарч байхад ажил хэрэгч хүмүүс нэг дор цуглаж санаа оноогоо хуваалцаж, хамтран ажиллах боломжоо ярилцаж, туршлага солилцох гээд ажил хэргийн халуун орчин гольфын талбайд бүрддэг юм шиг санагдлаа? -Тийм шүү. Бизнесийн хамтрагчаа сонгох, хүнийг танихад хамгийн хэрэгтэй спорт гэж ярих хүмүүс байдаг. Гольфын талбайд хамт явж байхад хүмүүсийн ёс суртахуун, шударга зан, тусч байдал харагддаг. Бөмбөгөө ус руу оруулчихаад өөрийгөө торгож чадаж байна уу, тоогоо яг зөв тоолж байна уу гэдгээс эхлээд гольфын талбайд хамт тоглож байгаа хүнийнхээ итгэж болох хамтрагч мөн эсэхийг ч мэдэх боломжтой. Зарим үед хүн алдаад буруу цохичихоороо нервтдэг. Нервээ хэр барьж чадаж байна, өрсөлдөгч нь сайн цохичихвол тэр үйлдэлд ямар реакци гаргаж байна гэх зэрэг хандлагаас нь хажуудах хүнээ дүгнэж, таньж болно. Гольф тоглож байхад хувь хүний хүн чанар, соёл, суурь хүмүүжил их мэдрэгддэг. -Манайд мундаг гольфчид гэвэл хэн байна? -Мундаг гольфчдын нэг гэвэл Ц.Мөнх-Оргил байна. Монголчуудыг гольфод оруулсан хүний нэг гэдэг. Ц.Мөнх-Оргил Харвардад оюутан болж очоод ирэхдээ энэ спортыг монголчуудад таниулсан. 1995 оны үе гэхээр бараг хорин жил болсон байна. Тэр үед манайд ямар ч гольфын талбай байхгүй. Гачууртын наад талын хөндий рүү очиж хааяа нэг бөмбөг цохино. Би бол харин нөхөртөө уруу татагдаад энэ спорт руу орсон. Гольфын олон улсын мэргэжлийн багш нар монгол бүсгүйчүүдийг “нуруу өндөр, хүч боломжийн, орон зайн мэдрэмж сайтай учраас гольфоор амжилт үзүүлж чадна” хэмээн үнэлдэг гэнэ. Биднийг яриа өрнүүлэх зуур тэмцээний дүн гарах цаг ойртсон байлаа.
Богд Хан уулын энгэрт, хотын төвөөс 13 километр хол зайнд, 160 гаруй га газар бүхий тус гольфын талбай, цанын баазыг 30 гаруй сая ам.доллараар манай үндэсний томоохон компаниуд MCS групп, Петровис, Скайтел компаниуд хамтарч хөрөнгө оруулалт хийсэн байна. 2008 оноос анхны хөрөнгө оруулалт хийгдэж, энэ оны 6-р сарын 22-нд нээлтээ хийсэн уг төсөл нь Монголын анхны бөгөөд цорын ганц олон улсын стандарт бүхий 18 нүхний гольфийн талбай юм. Гольфын багш Кевин Бренд ярихдаа “Би 25 жил гольфын спортод хүч үзэж буй мэргэжлийн хүн. Гэвч би гольфын зориулалтын зүлэг тарихад Монгол шиг хэцүү газар байдгийг мэдэхгүй. Ирэх жилээс зүлэгжүүлэлт маань жигдрээд ирэхээр Канад, Сибирь гээд газруудад гольфын талбай байгуулах хүмүүс биднээс суралцах гэж ирэх болно. Бид маш хэцүү нөхцөлийг давж гарсан туршлагатай хамт олон” гэж онцолсон юм. MCS группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж. Оджаргал Bloomberg Mongolia телевизд өгсөн ярилцлагадаа “Манай групп эрчим хүч, уул уурхай, мэдээлэл харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлалын салбарт төвлөрч бусад салбараа management buy-out хэлбэрээр хувьчлан, бие даалгаж байгаа. Монгол бренд гэдэг нь бидний дэлхийн зах зээлд экспортоор гаргаж буй бүтээгдэхүүнийг хэлнэ. Үүний нэг төрлийн экспорт нь аялал жуулчлал салбар юм” хэмээн дурьдсан. Тийм ч учраас нийгэмд чиглэсэн аялал жуулчлалыг татах энэ төсөлд зоригтой хөрөнгө оруулсан биз ээ.
Гольфын спорт 1900, 1904 оны зуны олимпын төрөлд орсноос хойш олимпын төрөлд оролцохгүй байсаар өдийг хүрчээ. Гэвч ОУ-ын Гольфын Холбооны идэвхи санаачлага, олон арван жилийн зүтгэл, дэлхий даяар тус спортоор хичээллэж буй хүний тоог харгалзан үзэн 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд албан ёсны спортын төрлөөр оруулахаар болсон байна. Оройны 18.00 цагийн үед тэмцээний дүн гарлаа. Энэ жилийн “Range Rover Cup”-т hole in one хийж тансаг зэрэглэлийн Range Rover хожих хүн гараагүй ч энэ жилээс эхлэн жил бүр зохион байгуулагдах учраас гольфчдод тансаг зэрэглэлийн Range Rover-ын эзэн болох боломж нээлттэй гэсэн үг. Оролцогчид дундаас “Дараа жил ирж заавал Range Rover авна аа” гэх хүн олон байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна