Даавуу гаргаж авсан хачирхалтай түүхий эдүүд

2013 оны 10 сарын 14

Та бидний өдөр тутам өмсөж зүүдэг хувцас хэрэглэлийн олонхийг хөвөн даавуу, хиймэл торго болон полиэфирийн мяндаснаас гаргаж авсан байдаг. Тэгвэл дараах мэдээлэлд заримаар нь хараахан хувцас хийгээгүй боловч санаанд багтамгүй түүхий эдүүдээс бөс материал - даавуу, утас гаргаж авсан “сонирхолтой” түүхүүдийг багтаасан байна. Эх сурвалж: http://www.playskull.mn
Дарс Австралийн эрдэмтэн Гэри Касс ба уран бүтээлч Донна Фрэнклин нар лонхтой дарсыг даашинз болгож хувиргасан шинжлэх ухааны сонирхолтой нэгэн нээлтийг хийжээ. “Micro’Be” хэмээн нэрийдсэн энэхүү төслийг 2007 онд эхлүүлсэн бөгөөд даавуу гаргаж авах санааг Гэри Касс найзынхаа дарсны үйлдвэрээр зочилж яваад анх олсон юм байна. Тэрээр торхтой дарсны толионоос арьс шиг зүйл хөвж явахыг харсан бөгөөд энэ нь дарсанд явагдсан микробын хэт эсэлдэлтээс үүссэн зүйл байжээ. Энэхүү материал нь улаан дарс шиг үнэртэй ба нойтон үедээ шалбааг намагт байгаа мэт мэдрэмж төрдөг ч хүний биеийн хоёрдогч арьс адил биед гайхалтай сууж өгдөг байна.
Шар буурцгийн шош Энэ бол байгаль орчинд ээлтэй амин дэмээр баялаг, ашиг тус ихтэй гайхалтай хүнсний ногоонд тооцогддог бүтээгдэхүүн юм. Өдгөө шар буурцгийн шошноос гаргаж авсан төрөл бүрийн бөс материал байх агаад Хятад болон Европ дахинаа “Soy Silk” брэнд болтлоо өргөжжээ. Шар буурцгийн шошийг хальснаас нь салгаж доторхийг нь дүфү хийхэд ашигладаг ба хаягдал хальс нь ийнхүү та бидний өдөр тутмын амьдралдаа өмсөж зүүхэд тохиромжтой хувцас, эд хэрэглэл болдог байна. Энэ нь маш зөөлөн бөгөөд хүнсний ногооноос гаргаж авсан ноолуур ч гэж нэрлэх нь бий юм. Харамсалтай нь хөвөн даавуунаас бат бөх байж чаддаггүй тул арга буюу өөр бусад материалтай хоршиж хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг ажээ.
Халгай Халгайн хүний биед үзүүлэх ач холбогдол маш их гэнэ. Тухайлбал зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээг нөхөхөд хэрэглэх нь гайхалтай үр дүнг үзүүлдэг байна. Тэгвэл өргөст зөөлөн модлог энэхүү ургамлаас даавуу гаргаж авах явц өдгөө Герман ба Итали зэрэг оронд хөгжлийнхөө эринд ирээд байгаа бөгөөд Их Британичууд тун саяхнаас даавуу гарган аваад байгаа юм байна. Ирээдүйд хамгийн эрэлттэй, чанар сайтай материал болно гэж итгэж байгаа нь халгайнаас гаргаж авсан даавуу нь хөвөн даавуунаас бат бөх, эдэлгээ сайтайд оршиж байгаа гэнэ. Нэгдсэн Вант Улсын “De Montfort University”-гийн эрдэмтэд халгайнаас гаргаж авах бөс даавуугаа “STINGplus” хэмээн нэрийдсэн ба 100% нөхөн сэргээгдэх боломжтой, 75% ноосон бүтээгдэхүүн болсон байна.
Хуванцар сав Италийн “Filature Miroglio” нь хуванцар савыг дахин боловсруулж чанар сайтай оёдол ба нэхмэлийн утас гаргаж авдаг компани юм байна. “NewLife Fabric” хэмээн нэрийдсэн энэхүү утсаар бүх төрлийн хувцас, тавилгын бүрээс зэргийг оёх боломжтой ба байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой юм. Өнгөрөгч онд дэлхийд алдартай “Giorgio Armani” брэндийнхэн энэ утсаар Италийн найруулагч Ливиад даашинз урлаж өгсөн байна.
Кокос Өмнөд Америк эсвэл Энэтхэг ба Номхон далайн арлууд дээр анх ургаж эхэлсэн хэмээн үздэг наргил модны гарал үүслийн тухай эрдэмтэд одоо ч маргасан хэвээр байдаг. Гэсэн хэдий боловч хүн төрөлхтний ахуйн хэрэглээнд олон талын ашигтай “кокос” жимснээс сүү, тос зэргийг гарган авдаг билээ. Жил бүр 20 тэрбум гаруй “кокос” жимсийг хүнс, анагаах ухаан ба гоо сайхны салбарт саван гаргаж авах гэхчилэнгээр хэрэглэдэг бөгөөд төдий хэмжээний хальс хог болон хаягддаг байна. Тэгвэл саяхнаас Америкийн “Cocona Inc.” компаниас энэхүү хаягдал хальснаас бөс материал гаргаж авах болсон ба агаар нэвтрүүлдэг, чийг татдаггүй, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг, үнэр дарагчтай хувцас хэрэглэлийг үйлдвэрлэж Өмнөд Солонгос, Итали, Швед, Франц зэрэг маш олон улсын зах зээлд нийлүүлэх болжээ.
Далайн ургамал “SeaCell” бол далайн ургамлыг замаг болон модны эдийн хамт эслэгжүүлж гаргаж авсан даавуугаар үйлдвэрлэсэн төрөл бүрийн хувцас, эд хэрэглэлийн дэлхий дээрх цор ганц брэнд бүтээгдэхүүн бөгөөд үүнийг Германы “Smartfiber AG” компаниас зах зээлд нийлүүлдэг аж. Далайн ургамлаас гаргаж авсан энэхүү материал нь хүний биед ямар ч хор нөлөөгүй бөгөөд эрдэс минералаар баялаг тул зөөлөн басхүү дулаахан гэнэ. Түүнчлэн цусны эргэлтийг сайжруулж, арьсны эд эсийн нөхөн төлжилтөд эерэг нөлөөтэй ба дотуур хувцас, ор хөнжлийн даавуу нь эрэлт ихтэй байдаг ажээ.
Эрдэнэшиш Америкийн “NatureWork LLC.” компаниас “Ingeo” гэж нэрийдсэн бөс материалыг гаргадаг юм байна. 2005 оноос хойш үйлдвэрлэж байгаа энэхүү материалаа эрдэнэшишийн чихрээс гаргаж авдаг ба жилийн нийт ургацын маш бага буюу ердөө 0.04% тэнцэх хэмжээний эрдэнэшишийг үүндээ ашигладаг байна. Ор хөнжлийн цагаан хэрэглэл, хувцас хийхэд зөөлөн бас дулаахан энэ материал нь нилон болон полиэфирийн мяндас гаргаж авахад зарцуулах эрчим хүчнээс даруй 68 дахин бага энерги зарцуулдгаараа онцлогтой юм.
Кофены шаар Нэг аяга кофеноос гарсан шаараар гурван футболк хийх бүрэн боломжтой хэмээн Тайваний “Singtex” компанийхан үзжээ. Энэ компани нь кофены шаараар хийсэн байгаль орчинд ээлтэй хувцас үйлдвэрлэдэг ба санаанд багтамгүй санааг ийнхүү олжээ. Кофены шаар нь газарт булагдаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг ба үүгээр хийсэн хувцас нь эвгүй үнэрийг дардаг, хурдан хатдаг бас бат бөх байдаг гэнэ.
Мод “Lenpur” гэдэг нэрээрээ дэлхий дахинаа танигдсан ноолуур мэт зөөлөн, өвөл дааруулахгүй харин зун халууцуулахгүй гайхалтай нэгэн утас, бөс даавууг “White Fir” гэх мөнх ногоон модноос гаргаж авдаг юм байна. Мөчир бүр дэх модны холцруу болон газарт унасан модны эд эсээс түүж авсан эслэг нь ийнхүү даавуу, утас гаргаж авах боломжийг бүрдүүлж өгчээ. Энэ нь чийгийг сайн шингээж үнэрийг дардаг тул спорт хувцас хийхэд тохиромжтой материал юм байна.
Загасны салс Далайн гүнд “Hagfish” гэх нэгэн зүйл загас амьдрах ба энэ нь махчин загаснуудад олзлогдсон үедээ амиа аврах зорилгоор салс ялгаруулдаг амьтан юм байна. Энэ нь далайн ёроолд 500 гаруй сая жил амьдарч байгаа бөгөөд олон төрлийн ашигтай байх магадлалтай ажээ. Канадын “University of Guelph”-ийн эрдэмтэн, судлаач Дуглас Фаж ба түүний багийнхны олж мэдсэнээр тэдний ялгаруулдаг эл салс залхаг нь нилоноос 10 дахин бат бөх байдаг гэнэ. Одоогоор үүнээс бөс материал гаргаж авах нь судалгааныхаа шатанд яваа бөгөөд эдийн засагт хэмнэлттэй байгалийн бүтээгдэхүүн болох юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна