ЕХ-ны Ерөнхийлөгч Монголд анх удаа айлчиллаа

2013 оны 11 сарын 17

Европын комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозогийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал өнөө өглөө эхэллээ.
Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад энэ сарын 17-18-ны өдрүүдэд айлчилж байна. Европын комиссын Ерөнхийлөгчийн төвшинд Монголд анх удаа болж буй айлчлал юм. Монгол Улс, Европын комисстай 1989 онд дипломат харилцаа тогтоосон байна.
Монгол Улс, Европын холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны гэрээг энэ оны дөрөвдүгээр сард байгуулсан. Үүнээс өмнө анх 1993 онд Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулан ажиллаж ирсэн нь үр өгөөжөө өгсөн. Харин өнгөрсөн хугацаанд хоёр талын нийгэм, эдийн засгийн байдал, хамтын ажиллагааны цар хүрээ, хэлбэр өргөжин өөрчлөгдсөн тул шинэ шатын баримт бичгийн талууд байгуулах шаардлагатай болсон юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ноён М.Баррозо нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг “зөөлөн дэд бүтэц” хэлбэрээр буюу эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацийн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярьсан байна. Түүнчлэн Европын холбооны 28 оронд Монголын бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй буюу татваргүй гаргах схемийг үргэлжүүлэхээр боллоо.
Ноён М.Баррозо өнөөдөр МУИС дээр зочилж, Монгол Улс болон Европын холбооны хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар лекц унших ба “Хүндэт доктор” цолоор шагнуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна