Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вьетнамд

2013 оны 11 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ нийслэл Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 21-нд хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ханой хот дахь Вьетнамын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын академид зочилж, лекц уншлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Хо Чи Мин хотод арваннэгдүгээр сарын 22-нд хүрэлцэн ирж, Монгол, Вьетнамын бизнес форумд оролцлоо. Форумд Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Хо Чи Мин хотын засаг даргын орлогч болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг 11.22-нд бараалхлаа. Уулзалтын үеэр Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та манай улсад айлчилж буйд баяртай байна. Таны айлчлал хоёр талын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж, харилцан амжилттай, үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Манай Ерөнхийлөгчтэй өчигдөр хийсэн албан ёсны яриа хэлэлцээ, баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг бид өндрөөр үнэлж байна” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Биднийг элэгсэг дотноор угтан авч байгаа Вьетнамын ард түмэн, төр засгийн удирдлагад талархал илэрхийлье. Манай хоёр орны харилцааны үндэс суурийг бидний ахмад үеийнхэн тавьсан билээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ирэх онд тэмдэглэх бөгөөд энэ чухал үйл явдлын өмнөхөн бид төрийн айлчлал хийж байгаадаа ихэд ач холбогдол өгч, энэхүү айлчлалаар хоёр орны харилцааг улам бүр эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцааг бэхжүүлэхийн тулд хууль тогтоох байгууллагуудын харилцааг бэхжүүлэх нь чухал. Үүний дагуу Үндэсний Ассамблейн дарга болон гишүүд манай улсад айлчлахыг бид хүсч байна. Манай хоёр орны бизнесийн төлөөлөл энэхүү айлчлалын хүрээнд уулзах болно. Хоёр орны харилцааг өргөжүүлэх томоохон төслүүд, боломжуудын талаар бид ярилцаж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Тан Зунг энэ сарын 21-нд бараалхав.
Уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Тан Зунг хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Таныг манай улсад төрийн айлчлалаар хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргана гэдэгт бат итгэлтэй байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр энэхүү айлчлалыг хийж буй танд баярлалаа. Манай оронд тавтай морилно уу” хэмээв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар Монгол Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд энэ сарын 21-нд оролцов. БНСВУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дөрвөн бичиг баримтад гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд болон БНСВУ-ын Шадар сайд нар, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь БНСВУ-ын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна