"Сочи-2014": Зургаа дахь өдөр

2014 оны 2 сарын 14

“Сочи-2014” өвлийн олимпийн долоо дахь өдөр буюу өчигдөр зургаан багц медалийн эзэд тодорлоо. Монголын тамирчид цагаан олимпийн цасан замд мөрөө гаргасан энэ өдөр биатлон, гүйлтийн цана, цанын чөлөөт үсрэлт, чарга, шорт-трек, тэшүүрийн зарим төрөл, зайд олимпийн алт, мөнгө, хүрэл медаль эздэдээ очсон юм. Долоон өдрийн дараах байдлаар Германы баг тамирчид долоон алт, хоёр мөнгө, нэг хүрэл, нийт 10 медальтай медалийн чансаагаар тэргүүлж байна. 2014.02.14
“Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмын зургаа дахь өдөр Монголын тамирчин Ч.Отгонцэцэг олимпийн цасан замд уралдлаа. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 10 км-ийн зайд өрсөлдсөн тэрбээр 38 минут 43.1 минутад нийт замаа туулснаар 70 дугаарт барианд орсон байна. Энэ төрөлд нийт 75 тамирчин гараанаас гарч, өрсөлджээ.
Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд Польшийн тамирчин Жюстина Ковальчук 28:17.8 хугацаанд барианд орж, аваргын алтан медаль хүртсэн бол Шведийн Шарлотт Калла /28:36.2/, Норвегийн Терез Юхауг /28:46.1/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Манай тамирчны хувьд тэргүүлэгчээс 10 минут 25.3 секундээр хоцорч, барианд орсон байна.
Хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй Сочийг зорьсон Монголын багаас ийнхүү Ч.Отгонцэцэг олимпийн талбарт уралдсан бол ОУХМ Б.Бямбадорж өнөөдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд өрсөлдөнө.
Шорт-трекийн эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд өчигдөр Хятадын тамирчин түрүүллээ. Финалын гараанд түүний урд уралдаж байсан, өөрөөр хэлбэл, медальд хүрэх эхний гурван байрт уралдаж байсан тамирчид бүгд унаснаар Хятадын Ли Жьян Ру түрүүлж барианы шугам давснаар олимпийн аваргаар тодорсон. Тэрбээр 42.269 секундын амжилт үзүүлжээ. Түүний араас Италийн Адриана Фонтана, БНСУ-ын Пак Сюн-Хи нар удаалж, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна