Монголын “Мадам Тюссо”-г танилцуулъя

2014 оны 2 сарын 25

Монголын “Мадам Тюссо”-г танилцуулъя. Монголд бол дөнгөж эхэлж буй шинэ зүйл, урьд өмнө энэ чиглэлээр даацтай, том бүтээл хийж байгаагүй бидний хувьд дэлхийд цуутай “Мадам Тюссо”-той зэрэгцэх хэмжээнд хүрэхгүй ч лааны тосон урлагийн эхлэлийг тавьснаараа онцлогтой.
Энэ жил тохиож буй театрын урлагийн 90 жилийн ойн хүрээнд “Хаадын хаан” хэмээх төсөл хэрэгжүүлж, ийнхүү Монголын хаадын дүрийг лааны тосоор мөнхөлж, Театрын музейд залжээ. Нээлтээ хийгээд удаагүй байгаа энэ үзэсгэлэн зургаан сарын хугацаанд үргэлжлэх юм.
Эхний ээлжинд Монголын түүхэнд их үйл бүтээсэн Эзэн Чингис хаан болон түүний хатан Бөртэ, хатан эх Өүлэн Үжин, Чингис хааны үр сад болох Зүчи, Цагадай, Өгөдэй, Тулуй нар, Хасар, Жамуха, Чингисийн дөрвөн өрлөг Зэв, Зэлмэ, Мухулай, Боорчи нарын 13 түүхэн хүний дүрийг бүтээж, музейд залжээ. Тэдний баримлыг бүтээхдээ эрдэмтэн судлаачдын бүхэл бүтэн баг ажиллаж, дүрээ сонгосон бөгөөд зураач, барималч н.Батмөнх барималчдын багийг ахлан бүтээсэн байна.
Барималчдын онцолсноор баримлыг үнэндээ 100 хувь лааны тосоор хийдэггүй гэнэ. Технологийн хувьд хэв авах зэрэг зарим үед лааны тос ашигладаг боловч яг баримал урладаг материал нь силикон, резин талдаа, царцаах, хайлах хүчин чадал өндөртэй нийлмэл материал байдаг ажээ. Арга барилын хувьд “Мадам Тюссо”-той яг ижил байдлаар хийсэн байна.
Цаашид музейн үзмэрийг өргөтгөх хүрээнд Чингис хааны бага болон идэр үеийг харуулсан баримал бүтээж тавих бөгөөд цаашид түүхэн цаг үеийн хаад, баатруудыг цуврал байдлаар хийж, олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ. Хойшид лааны тосон цогц музейтэй болгох ажлыг ч эхлүүлээд байгаа тухай “Хаадын хаан” төслийн удирдагч Б.Хишигсүрэн ярилаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна