Үзэгч ихтэй үндэсний сур харваа

2014 оны 7 сарын 11

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сур харвааг эрэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Баярсайхан, эмэгтэйчүүдээс гоц мэргэн Х.Оюунчимэг нар тэргүүлж байна. Үндэсний сур харваа өрсөлдөөн ихтэйгээс гадна үзэгч олонтой болж байна. Фотог Ц.АРИУНБОЛД. 2014.07.11
Үндэсний сур харваанд эрэгтэйчүүдэд хошой мэргэн Л.Отгонбаяр түрүүлж гоц мэргэн, эмэгтэйчүүдэд гоц мэргэн Х.Оюунчимэг нар түрүүлж гарамгай мэргэн цол хүртлээ.
Үндэсний сур харваа буюу халх харваанд эрэгтэй 280, эмэгтэй 80, нийт 360 орчим харваач оролцлоо. Үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур болно. Эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м-ээс тус тус 40 сум тавиж, аваргуудаа тодруулдаг. Хана харваа нь 60 сурыг 3 үе өрөх бол хасаа харваа 40 сурыг 2 үе өрж харвадаг.
Хана болон хасаа харвааны нийлбэр 36 сумнаас дараах шилдэг 8 харваач шигшээд шалгарсан. Эрэгтэйчүүдээс: Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн УБЭҮ-ийн "Хангарьд" спорт клубын тамирчин, "Алтан Дорнод Майнинг сервис" ХХК-ий харваач, Монгол Улсын хошой мэргэн Ламжавын Отгонбаяр 34 оноогоор, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, "Алдарт" спорт хороо, Жем интернэшнл ХХК-ийн тамирчин спортын мастер Б.Батбаатар 34 оноогоор, Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн Зуун мэргэн холбоо, "Мандухай цэцэн" ХХК-ий харваач, улсын мэргэн, спортын мастер С.Өлзийсайхан 33 оноогоор,
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдарт спорт хороо, ЗХ-ий 330-р анги, Монгол Ус ТӨК-ийн харваач Б.Баярсайхан 32 оноогоор, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Орхон аймгийн "Хангарьд" клуб, "ГЛОЖЕКС" ХХК-ийн харваач улсын мэргэн Б.Ёндон 32 оноогоор, Баянхонгор аймгийн Баянлаг сумын уугуул, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, спортын мастер А.Төртогтох 32 оноогоор, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Багануур дүүргийн Уурхайчин баг, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨК-ий харваач хошой мэргэн Д.Нямсүрэн 31 оноогоор, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, "Хангарьд" клубын тамирчин, Орхон аймгийн ЗДТГ-ын харваач, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга, хүндэт мэргэн Ваанчигийн Сумъяасүх 31 оноогоор тус тус шалгарлаа.
Ингээд шигшээ харваанд шалгарсан харваачид хасаа харвааны сүүлийн дөрвөн сумаа тавьж, хошой мэргэн Л.Отгонбаяр, спортын мастер Б.Батбаатар нар 38 оноотой тэнцэж, товх харваснаар Л.Отгонбаяр улсын наадмын гурав дахь түрүүгээ (сүүлийн хоёр жил дараалан) хүртэж, гоц мэргэний болзол хангалаа. Спортын мастер С.Өлзийсайхан 37 оноогоор гуравдугаар байрт шалгарсан бол улсын мэргэн Б.Баярсайхан, спортын мастер А.Төртогтох нар 36 оноогоор дөрөв, тавдугаар байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдэд шилдэг наймд: Хэнтийн аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат, Чингис хааны дэлхийн академийн харваач, Монгол Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг 33 оноогоор, Увс аймгийн Тэс сумын уугуул, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "Жей интернэшнл" ХХК-ийн харваач, улсын мэргэн Д.Норжмаа 33 оноогоор, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, "Ажнай-Тавантолгой Трасс" ХХК-ий харваач, спортын мастер О.Чинзүрх 32 оноогоор,
Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, Чингэлтэй дүүргийн БТС-ын хороо, АПУ Трединг ХХК, "Зэв алтан түрүү" багийн харваач, спортын мастер И.Цэцэгмаа 31 оноогоор,
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, "Мянган сарнай" ХХК-ий Хаан банкны Дорнод салбарын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Ч.Гандаваа 31 оноогоор,
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Шинэ Налайх багийн харваач, спортын мастер Б.Пунсалдулам 31 оноогоор, Орхон аймгийн уугуул, "Хангарьд" клубын тамирчин, "Энержи Ресурс" ХХК-ий ажилтан спортын мастер М.Мөнх-Амгалан 31 оноогоор, Cэлэнгэ аймгийн Ерөөл сумын уугуул, "Алдарт" спорт хороо, 167-р анги, "Жем Интернэшнл" ХХК-ийн харваач, буриад сурын гоц мэргэн, улсын мэргэн С.Энхтунгалаг 30 оноогоор тус тус шалгарлаа.
Шигшээ харваанд гоц мэргэн Х.Оюунчимэг, улсын мэргэн Д.Норжмаа нар 36 оноогоор тэнцсэнээр тэргүүн байрын төлөө товх харвах болсон. Товх харвааны эхний суманд Х.Оюунчимэг алдалгүй харваж, гурав дахь удаагаа улсын наадамд түрүүлж, гарамгай мэргэн цол хүртлээ. Улсын мэргэн Д.Норжмаа дэд байрт шалгарсан бол спортын мастер И.Цэцэгмаа 35 оноогоор гуравт, спортын мастер Б.Пунсалдулам, спортын мастер О.Чинзүрх нар 35 оноогоор дөрөв, тавдугаар байрт шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна