Шатрын 41 дэх олимпиадын фото агшин

2014 оны 8 сарын 7

Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын 41-р олимпиад хагас сар үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнд 177 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн юм. Монгол Улсын эрэгтэй баг тамирчид 6 хожин, 5 хожигдож 12 оноогоор 177 багаас 69-р байр эзэллээ. Эмэгтэй шигшээ баг 7 хожин, 1 тэнцэж, 3 хожигдон 15 оноогоор 136 багаас 16-р байр эзэллээ. 1-р ширээнд өрсөлдсөн Б.Мөнгөнтуул 10 өргөөс 8 хожин, 2 тэнцэж 4-р байрт шалгарлаа. 2014.08.25
Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын 41-р олимпиад хагас сар үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнд 177 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн юм.
Багийн төрлөөр явагддаг шатрын хамгийн том тэмцээн швейцарь системээр 11 өрөг өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг 19 оноотой /хожилд 2, тэнцээнд 1 оноо олгодог/ түрүүлж, Унгар, Энэтхэгийн багууд 17 оноогоор удааллаа.
Харин Их мастер Д.Шаравдорж дасгалжуулагчтай Баянхонгор, Үндэсний шигшээ баг, Алдар СХ, Зууны шатар клубын тамирчин Их мастер Цэгмэдийн Батчулуун, Завхан аймаг, Баянгол дүүргийн тамирчин Их мастер Базарын Хатанбаатар, Хангарьд спорт клубын тамирчин ОУ-ын мастер Намхайн Баттулга, Өвөрхангай аймаг, Үндэсний шигшээ баг, Шунхлай группын тамирчин Их мастер Баярсайханы Гүндаваа, Өвөрхангай аймгийн тамирчин ОУ-ын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал нарыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын баг тамирчид 6 хожин, 5 хожигдож 12 оноогоор 177 багаас 69-р байр эзэллээ.
Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Чунтын Чулуунбаатараар удирдуулсан Завхан аймаг, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУ-ын мастер эрэгтэй, Их мастер эмэгтэй Батхуягийн Мөнгөнтуул, Үндэсний шигшээ баг, Мончесс клуб, Сүлд спорт хорооны тамирчин Их мастер эмэгтэй Түвшинтөгсийн Батчимэг, Ховд аймаг, Нью Прогресс группын тамирчин Спортын мастер эмэгтэй Баяржаргалын Баярмаа, Говь-Алтай аймаг, Хан Алтай шатрын клубын тамирчин ОУШХ-ны мастер эмэгтэй Ууганбаярын Лхамсүрэн, Архангай аймаг, Мобиком корпорацийн тамирчин ОУ-ын мастер эмэгтэй Баянмөнхийн Анхчимэг нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шигшээ баг 7 хожин, 1 тэнцэж, 3 хожигдон 15 оноогоор 136 багаас 16-р байр эзэллээ.
Уг ангилалд ОХУ-ын баг тамирчид 20 оноогоор түрүүлж, БНХАУ, Украйны багууд 18 оноотой медалийн эзэд боллоо. 1-р ширээнд өрсөлдсөн Б.Мөнгөнтуул 10 өргөөс 8 хожин, 2 тэнцэж 4-р байрт шалгарсан нь бахдам амжилт билээ. Түүний ширээнд орон орны шилдгүүд, дэлхийн топууд өрсөлдөж Гүржийн Их мастер эрэгтэй Н.Дзагнидзе түрүүлж, БНХАУ-ын Дэлхийн аварга Хоу Ифань удаалж, Шведийн хуучин бууны хугархай Их мастер П.Крамлинг хүрэл медаль хүртлээ.
5-р ширээнд хүч үзсэн Б.Анхчимэг 10-р байрт шалгарав. Тэрээр сүүлийн өргөө хожигдон боломжит байраа жаахан ухраалаа. Гэхдээ чамлахааргүй сайн үзүүлэлт.
Манай улсын эмэгтэй шигшээ баг 1990 онд Нови Садын 29-р олимпиадад 66 багаас 13-т, 2008 онд Дрездений 38-р олимпиадад 111 багаас 17-р байрт шалгарч байсан билээ. Энэ удаад 136 багаас 16-р байр эзэлсэн нь чанарын хувьд ахисан үзүүлэлт байлаа.
Норвегийн Тромсо хотноо үргэлжлэн явагдаж буй Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад өндөрлөхөд нэг өрөг үлдлээ. Тэмцээний арван өргийн дараах байдлаар манай эрэгтэй баг 177 орноос 81-р байрт, эмэгтэй баг 136 орноос 23-р байрт бичигдэж байна. 2014.08.13
Эрэгтэй баг Тринидад ба Тобагогийн шатарчдыг 4:0-оор хожлоо. Тэмцээнд 59-д эрэмбэлэгдэн тоглож буй Монгол Улсын эрэгтэй баг таван хожил (Саудын Араб, Непаль, Тажикстан, IPCA, Тринидад ба Тобаго), таван хожигдолтой (Франц, Хорват, Израиль, Албани, Венесуэл), нийт 10 оноогоор 177 орны багаас 81-р байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийг БНХАУ 17 оноогоор тэргүүлж байгаа бол Унгар, франц, Украин, ОХУ-ын багууд удаалж байна. 2014.08.13
Эмэгтэйчүүд арав дахь өрөгтөө Унгарын (чансаа 13) хүчтэй багтай тоглож, 2,5:1,5-аар буулган авсан байна. Энэхүү өрөгт их мастер Б.Мөнгөнтуул, ФМ Б.Баярмаа нар хожиж, олон улсын мастер Б.Анхчимэг тэнцэн, их мастер Б.Анхчимэг ялагдсан байна. Тэмцээнд 28-д эрэмбэлэгдсэн манай эмэгтэй баг зургаан хожил (АНЭУ, Ирланд, Алжир, Парагвай, Филиппин, Унгар), нэг тэнцээ (Вьетнам), гурван хожигдолтой (Франц, Казахстан, Польш) 13 оноогоор 23-р байрт бичигдэж байна. 2014.08.13
Тэмцээний долоо өргийн дараах байдлаар эрэгтэйчүүд (чансаа 59) 177 орноос 70-р байрт (дөрвөн хожил, гурван хожигдолтой) бичигдэж байна. Эрчүүдийг Азарбайжаны шатарчид зургаан хожил, нэг тэнцээтэй тэргүүлж байгаа бол БНХАУ (таван хожил, хоёр тэнцээ), Чех (зургаан хожил, нэг хожигдолтой) улсын багууд удаалж байна.2014.08.10
Харин манай эмэгтэй шатарчдын хувьд дөрвөн хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой 136 орноос 31-р байрт бичигдэж байна. ОХУ-ын шатарчид долоо хожилтой тэргүүлж байгаа бол БНХАУ, Унгарын баг зургаан хожил, нэг хожигдолтой удаалж байна. 2014.08.10
Эрэгтэй шатарчид ийнхүү гурван хожил (Саудын Араб, Непаль, Тажикстан), хоёр хожигдолтой (Франц, Хорват) 177 орноос 67-р байрт бичигдлээ.
Эмэгтэй шатарчид гурван хожил (АНЭУ, Ирланд, Алжир), нэг тэнцээ (Вьетнам), нэг хожигдолтой (Франц) 139 орноос 27-р байрт бичигдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна