Сагсан бөмбөгийн ДАШТ өндөрлөв

2014 оны 9 сарын 15

Испаний Мадрид, Барселон хотуудад наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 14-ний хооронд сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдсөнөөс АНУ-ын шигшээ баг алтан медаль хүртэж, Серб, Францын шигшээ багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Ням гаригт(09.14) болсон шигшээ тоглолтод NBA-ийн залуу одод Сербийн шигшээ багийг 129-92-ын харьцаагаар илүүрхэж хожиж, аваргаа хамгааллаа. Энэхүү дэлхийн аваргад АНУ-ын шигшээ багийг зогсоох баг олдсонгүй.
Сербийн шигшээ баг энэхүү дэлхийн аваргад “А” хэсэгт хоёр хожил, гурван хожигдолтой дөрөвдүгээр байраар шалгарч хасагдах шатанд Грек, Бразил, Францын багийг хожиж, аваргын төлөө шалгарсан. Хуучнаар Югославын бүрэлдэхүүнээс хойш Сербийн шигшээ баг Дэлхийн аваргын финалд шалгарсан түүхэн амжилтыг үзүүллээ. "Грек-1998", "АНУ-2002"-д түрүүлэхдээ Югославын нэрийн өмнөөс тоглож байсан Сербийн шигшээ баг "Турк-2010"-т дөрөвдүгээр байрт шалгарсан бол "Испани-2014"-с мөнгөн медаль хүртлээ.
Мөн бямба гаригт болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Францын шигшээ Литвийн багийг 95-93-ын (19–22, 23–21, 29–21, 22–31) харьцаагаар хожиж, дэлхийн аваргын анхны медалиа хүртлээ. Тэмцээний байр эзэлсэн байдлыг танилцуулья: Алтан медаль: АНУ Мөнгөн медаль: Серб Хүрэл медаль: Франц (Мөнгөн медалийн төлөө Сербид хожигдсон ч хүрлийн төлөөх тоглолтод Литвийг хожиж, түүхэн амжилт үзүүллээ.)
IV байр: Литва (Хагас шигшээд АНУ-ын багт хожигдсон.) V байр: Испани (Шөвгийн наймд Францын шигшээд хожигдсон) VI байр: Бразил VII байр: Словени VIII байр: Турк IX байр: Грек Х байр: Хорват XI байр: Аргентин XII байр: Австрали
ХIII байр: Доминикан БНУ XIV байр: Мексик XV байр: Шинэ Зиланд XVI байр: Сенегал XVII байр: Ангол XVIII байр: Украин XIX байр: Доминикан БНУ XX байр: Иран XХI байр: Филиппин XXII байр: Финланд XХIII байр: Өмнөд Солонгос XXIV байр: Египетийн шигшээ баг тус тус шалгарлаа.
Францын шигшээ баг ДАШТ-ээс анхны медалиа хүртлээ
Францын шигшээ баг 2014 оны дэлхийн аваргын “А” хэсэгт гурван хожил, хоёр хожигдолтой гуравдугаар байраар шалгарч шөвгийн 16-д Хорватын багийг 69-64-ийн харьцаагаар хожсон. Шилдэг дөрөвт багтахын тулд тэмцээнийг зохион байгуулагч Испаний багтай оноолт таарсан бөгөөд хэсэгтээ 64-88-ын харьцаагаар хожигджээ. Гэвч энэхүү тоглолт 65-52-ын харьцаагаараа францчуудын ялалтаар өндөрлөсөн юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Сербийн багтай тоглож, 85-90-ийн харьцаагаар хожигдож, хүрэл медалийн төлөө тоглох болсон. Тэдний эсрэг олимп, дэлхийн аваргад өндөр амжилтыг үзүүлдэг Литвийн баг АНУ-ын багт ялагдсанаар шалгарсан юм.
Өнгөрсөн жилийн Европын аваргын финалд Франц-Литвийн багууд шалгарахад францууд 80-66-ын харьцаагаар илүүрхэж, хожсон юм. Бямба гаригийн тоглолтод хоёр багийн хувьд тэнцүүхэн байж, эцсийн мөчид 95-93-ын харьцаагаар Францын шигшээ баг ялалт байгуулснаар, дэлхийн аваргын түүхэн амжилтаа үзүүллээ. Хэдийгээр дэлхийн аваргын аваргаас анхны медалиа хүртэж буй францчууд "Лондон-1948", "Сидней-2000" олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна