Азийн наадам: Гурав дахь өдрийн онцлох агшин

2014 оны 9 сарын 22

Азийн наадмын гурван өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл нийт 12 медаль хүртсэн амжилтаар БНХАУ (25+14+18), БНСУ (14+14+16), Япон (13+13+) улсын ард дөрөвдүгээр байрт жагсаж байна.
Туялзуур сэлэмний тэмцээний хөгжөөн дэмжигчид. Гэрэл зургийг Э.ХАРЦАГА.
Азийн наадмын туялзуур сэлэмний тэмцээн Инчён хотын Goyang Gymnasium ордонд үргэлжилж байна. Өчигдөр (09.22) манай тамирчдаас эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Гэрэлмаа, Б.Цолмон нар оролцлоо. Хэсэгтээ хоёр ялж, гурав ялагдсан спортын дэд мастер Б.Гэрэлмаа шөвгийн 16-д шалгараад байна. Б.Гэрэлмаа шөвгийн 32-т гоц мөргөсөн. Тэрээр шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчинтай өрсөлдөнө. Харин Б.Цолмон хасагдах шатанд шалгарч чадсангүй. Гэрэл зургийг Э.ХАРЦАГА.
Гэрэл зургийг Э.ХАРЦАГА.
+ 100 кг-ын жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ.
+ 100 кг-ын жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг ялснаар мөнгөн медалийн болзол хангасан. Тэрээр алтан медалийн төлөө Японы бөх Ожитани Такэшитэй барилдаж, ялагдлаа.
Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Дэлхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж, торгуулиар (3:2) яллаа. Н.Түвшинбаяр энэ сарын эхээр өндөрлсөн ДАШТ-ий хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раковг юко үнэлгээгээр ялсан юм.
Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний -100 кг-ын жинд барилдсан Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Тажикстан, БНСУ, Узбекстаны бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол хангасан бол ийнхүү Азийн наадмын алтан медалийн төлөө Казахстаны Раковыг ялж, жүдочдын энэ наадмаас хүртэж буй гурав дахь алтан медалийг шигшээ багтаа авчирлаа.
Энэ өдөр Азийн наадмын татамид гарсан манай жүдочдоос + 100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль, 90 кг-д Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-д Б.Мөнхтуяа, +78 кг-д О.Жавзмаа нар V байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. О.Жавзмаа бэртлийн улмаас хүрэл медалийн төлөөх барилдаанд гараагүй юм.
Н.Түвшинбаяр медалиа гардсаны дараа хэвлэлийн хуралд оролцлоо. Тэрээр "Азийн наадамд гурав дахь удаагаа оролцож байна. Анхны медаль маань алтан медаль байсанд баяртай байна." гэж хэллээ.
Ингэснээр манай жүдо бөхийн шигшээ баг тамирчид Азийн наадмаас гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, шагналт V байрт гурван бөх шалгарч Япон, БНСУ-ын ард гуравдугаар байрт шалгарлаа. Маргааш жүдо бөхийн багийн төрөл болж, жүдо бөхийн тэмцээн өндөрлөнө.
90 кг-ын жинд барилдсан Л.Отгонбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогт Ливи улсын бөх Саадэ Францисийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Гвак Дон Ханыг вазари үнэлгээгээр ялсан юм. Мөнгөн медалийн төлөө Узбекстаны бөх Дилшод цэвэр ялагдсан ч Ираны бөх Жамали Мухаммедыг торгуулиар ялснаар Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.
90 кг-ын жинд барилдсан Л.Отгонбаатар Ираны бөх Жамали Мухаммедыг ялснаар хүрэл медаль хүртлээ.
Азийн наадмын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд онч сорьсон олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ. Тэрээр 586 оноогоор 2-р байраар шигшээ буудлагад шалгараад байсан. Мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын мэргэн бууч, олимпийн аварга Чень Интэй халз өрсөлдөж, ялагдсан. Хүрэл медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Квак Жун Хэйгтэй өрсөлдөж, 7:3-ын харьцаагаар яллаа.
Энэ төрөлд БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бөгөөд БНСУ-ын гурван тамирчин шигшээ буудлагад шалгарсан ч IV-VI байрт шалгарлаа.
Манай мэргэн бууч бүсгүйчүүд багийн дүнгээр БНСУ, БНХАУ, Энэтхэгийн багийн ард 1727 оноогоор 4-р байрт шалгарсан юм. Энэ дасгалд ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Б.Мөнхзул нар 570 оноогоор 23, 24-р байрт шалгарлаа.
Тэмцээний эхний өдөр буюу есдүгээр сарын 20-нд эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг хүрэл медаль хүртэж, "Инчён-2014" Азийн наадмын анхны медалийг авчирсан. Өнөөдөр 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд онч сорьсон мэргэн буучид маань багаараа IV байр эзэлж, О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ.
Азийн наадмын буудлагын тэмцээн Инчён хотод үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй урт буу 10 м, гар буу 25 м-т манай мэргэн бууч бүсгүйчүүд өрсөлдөж байна. Азийн наадмын өнөөдөр явагдсан хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 54 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 414,9 оноогоор 9-р байр, ОУХМ Ч.Нарантуяа 409,8 оноогоор 29-р байр, ОУХМ О.Янжинлхам 408,5 оноогоор 34-р байр тус тус эзэллээ. Багийн дүнгээр 8-р байранд орлоо.
Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Гэрэлмаа, Б.Цолмон нар оролцлоо. Хэсэгтээ хоёр ялж, гурав ялагдсан спортын дэд мастер Б.Гэрэлмаа шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шөвгийн 8-д өрсөлдөх эрхийн төлөө БНСУ-ын Чой Ин Жеонтой өрсөлдөж, 4:15-ын харьцаагаар ялагдаж, шөвгийн наймд шалгарч чадсангүй. Б.Цолмон хэсгээсээ шалгараагүй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна