Өсвөрийн шатрын ДАШТ-ий фото агшнаас

2014 оны 9 сарын 30

Өмнөд Африкийн Дурбан хотноо энэ сарын 20-29-ны өдрүүдэд шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим хөвгүүд, охид оюун ухаан, тэсвэр хатуужлаа сорьж өрсөлдсөнөөс охидын найман насанд Д.Мөнхзул АЛТ, хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр МӨНГӨН медаль хүртэж, Монголын шатрын түүхэн дэх шинэ амжилтыг бичлээ.
Хөвгүүдийн найман насанд 64 шатарчнаас 11 өргийн тоглолтын дараа Азийн аварга, Дэлхийн сурагчдын аварга, “Чингис Майнинг Групп”-ийн тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Есөнтөмөрийн Төгстөмөр 8 хожил, 3 тэнцээгээр 9,5 оноогоор мөнгөн медаль хүртлээ. ОХУ-ын Илия Маковеев (1799) Е.Төгстөмөртэй(1612) оноо тэнцсэн ч коэффициентийн зөрүүгээр алтан медаль хүртлээ.
Охидын найман насанд 51 шатарчнаас Даваахүүгийн Мөнхзул 8 хожил, 1 тэнцээ, 2 хожигдолтойгоор 8.5 оноогоор алтан медаль хүртлээ. Энэ насанд Вьетнамын Лу Ха Би Нго (8,5 оноо), Туркменистаны Езизова (8.0 оноо) мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Е.Төгстөмөр, Д.Мөнхзул нар Монголын шатрын түүхэнд шинэ хуудсыг нээж, шинэ дээд амжилтуудын эзэд болж байна. Е.Төгстөмөр Монголын эрэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тэрээр хамгийн бага насандаа буюу 6 насандаа Азийн аварга, 7 насандаа сурагчдын дэлхийн аварга, мөн насандаа Дэлхийн шатрын холбооны дэд мастерын цол авчээ.
Д.Мөнхзулын хувьд Монголын эмэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа буюу 7 настайдаа шатрын дэлхийн аварга гэсэн эрхэм дээд цолны эзэн болоод байна. 2014 оны ДАШТ-д Монголын 9 тамирчин оролцсоноос хоёр нь Канад Улсын нэрийн өмнөөс оролцов.
2014 оны ДАШТ-д Монголын 9 тамирчин оролцсоноос хоёр нь Канад Улсын нэрийн өмнөөс оролцов. 8 нас: Е.Төгстөмөр – 9,5 оноогооp МӨНГӨН медаль 10 нас: Г.Амартүвшин – 7.0 оноогоор 19-р байр 12 нас: Э.Баасансүрэн – 7,0 оноогоор 22-р байр, Ц.Ашид – 5,5 оноогоор 58-р байр 14 нас: Ц.Бат-Эрдэнэ -5,0 оноогоор 61-р байр 18 нас: Н.Даваа-Очир (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 4,5 оноогоор 51-р байр. ОХИД: 8 нас: Д.Мөнхзул – 8.5 оноогоор АЛТАН медаль, Б.Амин-Эрдэнэ 6,0 оноогоор 18-р байр 16 нас: Н.Уранчимэг (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 5,5 оноогоор 43-р байрт тус тус шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна