Өнөөдрийн фото агшин

2014 оны 12 сарын 29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож, Төрийн ордны хойд цэцэрлэг дэх Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн энэ өдөр Монгол Улсын Дээд Хурлын дарга, Сайн ноён хан, Ерөнхий сайд Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд залах ёслол боллоо. Гэрэл зургийг Э.ЭНХБАТ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож, Төрийн ордны хойд цэцэрлэг дэх Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөхөд Хүндэт харуулж жагслаа.
Эл өдрийг ийн хүндэтгэж байгаа нь 103 жилийн өмнө монгол түмэн Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, таван яам бүхий анхны Засгийн газар байгуулагдаж, туурга тусгаар Монгол Улсыг сэргээснийг дэлхий дахинд тунхагласан байна. Тиймээс энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай болсон юм.
Монгол тамганы хөшөөний тухайд тодруулахад, Монгол төрийн үе үеийн тамганы дардсыг сийлсэн байдаг аж. Тухайлбал, нүүрэн талд нь Монгол Улсын далай хааны тамганы дүрслэл, баруун талд нь Богд хаант Монгол Улсын төрийн тамга, хойд талд нь 1924 онд Улсын анхдугаар их хурлаас баталсан БНМАУ-ын их хурлын тамга, зүүн талд нь ардчилсан тогтолцоог сонгосон өнөөгийн Монгол Улсын төрийн тамганы дардсыг сийлсэн байдаг аж. Тамганы бариул хэсгийг сууж буй бар хэлбэрээр хийж, сууринд нь нүүдэлчин овгуудын тамганы дүрсийг сийлжээ. Нүүрэн талд байрлах тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээн бичсэн байдаг юм.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 103 жилийн ойн өдрийн хүрээнд Монгол Улсын Дээд Хурлын дарга, Сайн ноён хан, Ерөнхий сайд Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд залах ёслол өнөөдөр / 2014.12.29 / боллоо.
Энэхүү ёслолын ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, бидний өвөг дээдэс ХХ зууны эхэнд язгуурын ёсоо эрхэмлэн туурга тусгаар Монгол Улсаа сэргээн мандуулж, төр улсаа зохион байгуулж, улс гэрээ өөрсдөө захиран удирдах түүхэн үе эхэлж,1912 оны 8 сараас Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн Ерөнхий сайдын албанд тохоон томилсон билээ. Тэрээр 1913-1914 оны заагт Оросын эзэнт улсад айлчилж, төрийн тогтолцоо, зохион байгуулалттай танилцаж, дэвшилтэд олон зүйлийг улс орондоо хэрэгжүүлэхийг зорьсон байдаг. Түүний нэг нь Монгол улсад анх удаагаа Улсын Дээд, Доод хурлыг байгуулах саналыг гаргаж, Богд хаан зөвшөөрснөөр 1914 онд Улсын Дээд хурал байгуулагдаж, Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн Улсын Дээд хурлын даргаар ажилласан байна.
Энэхүү Улсын Дээд, Доод хурал нь Монгол Улсад парламентад ёсны эхлэл байсан бөгөөд улсын хэргийг хоёр шаттайгаар хэлэлцэж, санал оруулж, эзэн хаанаараа баталгаажуулж төрийн хэргийг хөтлөн явуулж байжээ. Өнөөдөр та бид Улсын Дээд хурлын дарга, Сайн ноён хан Намнансүрэнгийн Монголын парламентад ёсыг хөгжүүлэх, ардчилалын зарчмыг төрийн үйл ажиллагаанд оруулж байсан түүхэн гавьяаг нь хүндэтгэн түүний хөргийг Монгол Улсын Төрийн ордонд залж байна гэлээ.
Энд залж байгаа хөрөг нь доктор С.Чулууны ОХУ-ын Санкт-Петербург хотын гэрэл зураг, кино, дуу дүрсний архиваас шинээр хуулбарлан авч ирсэн Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн Оросын эзэнт улсад айлчилж, эзэн хаантай уулзах үедээ авхуулсан төрийн ёслолын хувцас бүхий ховорхон зураг юм. Энэ зураг анх удаагаа хэвлэн нийтлэгдэж байгаагаараа онцлогтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна