“Хүчит шонхор” захын мах худалдаалах цэгээс

2015 оны 1 сарын 16

Сар шинийн баярын бэлтгэлээ иргэд эхнээсээ базааж, зарцуулах мөнгөө төлөвлөж байгаа энэ үед гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ, борлуулалт ямар байгааг сонирхохоор харьцангуй хямд гэгддэг “Хүчит шонхор” захыг зорилоо. Гэрэл зургийг Б.Батмөнх
Сар шинийн баярын бэлтгэлээ иргэд эхнээсээ базааж, зарцуулах мөнгөө төлөвлөж байгаа энэ үед гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ, борлуулалт ямар байгааг сонирхохоор харьцангуй хямд гэгддэг “Хүчит шонхор” захыг зорилоо.
Нийслэлчүүдийн мах, гурил, ногооны хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг хүнсний захын хөл хөдөлгөөн санасныг бодоход харьцангуй бага байлаа. Түрээслэгчдийн хэлж байгаагаар иргэдийн худалдан авах чадвар муудаж, борлуулалт өмнөх жилүүдийхээс харьцангуй муу байгаа аж. Үнэхээр ч худалдан үнэхээр авалт муу байгаа бололтой. Учир нь өдрийн 15.10 цаг гэхэд тус захын павильон, автомашины тэвшүүд дээрх мах дундраагүй, хүйтэнд даарч доороо дэвхцэх худалдаачидаас өөр хүмүүс нэг их харагдсангүй.
“Хүчит шонхор” захын удирдлагууд тус захад их завсар хийж, чанарын шаардлага хангасан павильонд мах, хүнсний бүтээгдэхүүн худалдаалж эхэлсэн гэж мэдэгдэж байсан ч том, жижиг ачааны машины тэвшинд ихэнх нь мах худалдаалж, тэр дундаас сонголтоо хийхэд иргэдэд багагүй хүндрэлтэй байгаа бололтой. Төв аймгаас ирж мах борлуулж байгаа гэх Н.Гантулга “Энэ жилийн сар шинийн баяр харьцангуй орой/02.19/ болох учраас иргэд ууц, баншны махаа бэлдэж эхлээгүй байна. Гэхдээ хашир худалдан авагчид мах хямд бөгөөд сонголт, олдоц сайтай байгаа дээр нь худалдан авч байна. Ууцны тухайд 110-300 мянган төгрөг, өвчүү 70-115 мянган төгрөг байна. Худалдан авалт угаас муу байгаа учраас худалдаачид үнээ нэмэхгүй байна” гэсэн юм.
Харин хонины махаар гулуузаар авахад килограмм нь 4500-4800 төгрөг, ямааных 3300-3600, үхрийнх 5500-5800 төгрөгийн ханштай байна. Захын доторх павильонд ямааны шулсан мах килограмм нь 4200-4400 төгрөг, хониных 5500 төгрөг, үхрийн мах 7000 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
Сар шинийн бууз амттай болоход гурилын чанар багагүй нөлөөлдөг тул гурилын үнийг мөн судаллаа. Монголд үйлдвэрлэсэн гурил 25 килограмм нь дунджаар 25-35 мянган төгрөг, Орос гурил 35-38 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн иргэд Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн “Хурх”-ын гурил/25 килограммаар савласан шуудай нь 35 мянган төгрөг/, “Цесна” гурил/25 килограммар нь савласан 38 мянган төгрөг/-ыг түлхүү сонгож худалдан авч байгааг худалдаачид ярьж байсан юм. Харин хүнсний ногооны тухайд төмс, лууван, байцаа, манжин бүгд килограмм нь 900-1000 төгрөг, сонгино, хүрэн манжин, сармис килограмм нь 1500-3500 төгрөгийн ханштайгаар худалдаалж байгаа юм.
Ямартай ч сар шинэ дөхөх тусам мах, гурил, хүнсний ногоо төдийгүй бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг тул алгуурлахгүйгээр бэлтгэлээ базаах нь зүйтэй болов уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна