Ажлын бүтээмж аюулгүй байдлаас хамаардаг

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Ажлын бүтээмж аюулгүй байдлаас хамаардаг

Манайхан ниргэсэн хойно нь хашгирах гээд байдаг гэмтэй улс. Уул уурхайн салбарт урьдчилан сэргийлэх, дадал эзэмшүүлэх, соён гэгээрүүлэх ажил муу хийгдсэнээс осол аваар гарах урьдач нөхцөл болдгийг хаанаас ч жишээ баримтаар хэлж болно. Урьдчилан сэргийлэхээс гадна осол аваар тохиолдсон үед цаг алдалгүй арга хэмжээ авах гэсэн бас өөр нэг ойлголт уул уурхайд байдаг. Компанийн удирдлагууд ухуулга сурталчилгаа хийж, дадал эзэмшүүлэх үүрэгтэй ба осол аваарын нөхцөлд аврах ажиллагааг аврагч нар гүйцэтгэдэг. Аль аль нь манайд шинэ зүйл биш боловч, ойшоож үзэхгүй байх хандлага ажиглагдсаар байна. Энэ байдалд анхаарал хандуулах, аврагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, нэг нэгнээс нь суралцуулах зорилготой тэмцээн сая болж өнгөрлөө.


Уул уурхайн аврах багуудын жил бүр уламжлал болгон явагддаг тэмцээн “Бороо гоулд” ХХК-ийн уурхай дээр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн таван жилийн өмнө гарын таван хуруунд багтахаар багуудын хооронд болдог байсан бол энэ жил Уул уурхайн аврах баг, Аврах тусгай анги, Зүүнхараа 019-р анги, “Энержи ресурс”, Шарын голын аврах анги, Эрдэнэт УБҮ зэрэг нийт 13 багийн хооронд болж өндөрлөлөө. Тэмцээн зохион байгуулагчид анхнаасаа “Хэн түрүүлэх нь чухал бус. Уул уурхайн аврах багууд ур чадвараа сорих, бусдаасаа суралцах нь чухал” гэдгийг онцолж байсан юм.

Монголд уул уурхайн 2000 орчим компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн 2009 оны судалгаа байдаг. Эдгээрийн тоотой хэдхэн нь дотооддоо Үйлдвэрчний эвлэлийн холбоотой, хуруу дарам цөөхөн нь аврах багтай байдаг аж. Уул уурхайн салбарт хамгийн чухал зүйл бол Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Энгийнээр хэлбэл, өглөө ажилдаа арван хуруу бүтэн очсон хүн, гэртээ арван хуруу бүтэн очихыг Хөдөлмөрийн авулгүй ажиллагаа сайн хангагдсан гэж үзэж байна. “Рэд паф Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Гордон Рийдийн өгүүлж байгаагаар одоогоос тав зургаан жилийн өмнө энэ чухал асуудлыг орхигдуулснаас осол аваар гарах нь их, Хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны дүрэм журмыг мөрдсөнөөр ямар эерэг үр дүн гардгийг төдийлөн ойшоодоггүй байжээ.

Сүүлийн үед энэ байдал арай дээрдэж байгаа гэнэ. Ажиллагсад гэмтэл бэртэлгүй, уурхай дээр осол авааргүй ажиллана гэдэг тухайн компанийн бүтээмжид чухал нөлөөтэйг батлах жишээ олон байна. Тус тэмцээнийг санаачлагч бөгөөд зохион байгуулагч “Бороо гоулд” ХХК-ийн хувьд 4 сая хүн/цаг буюу гурван жилийн турш нэг ч ажилтан нь осол гэмтэлгүй ажилласан аварга амжилт үзүүлээд байгаа юм байна. Энэ нь ажлын бүтээмж, цаг хугацаа, ашиг орлогод шууд нөлөөлдөг чухал хүчин зүйл юм.

 Тэмцээнийг нээж “Бороо гоулд” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Жон Казакофф аль ч улсын уул уурхайн аврах ажиллагааны тэмцээн хамгийн чухалд тооцогддог гэдгийг онцлоод, тэрбээр 1974 оноос аврах ажиллагааны тэмцээнд оролцож байснаа дурсан, жилээс жилд оролцох багуудын нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. 

Тэмцээн олстой аврах ажиллагаа, анхны тусламж, машинаас хүн аврах болон Галаас аврах ажиллагаа гэсэн үндсэн дөрвөн төрлөөр зохиогдсон юм. Оролцож байгаа 13 багаас гадна дараа жилээс оролцохоор сонирхож байгаа уул уурхайн компанийнхан ч нэлээдгүй байсан юм. Нээлтэд оролцсон “Бороо гоулд” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга Т.Оргодол:

-Тэмцээнд оролцсон багууд ур чадвараа сорих, нэгнээсээ суралцах, осол аваар гарсан тохиолдолд түргэн, шуурхай арга хэмжээ авах чадвараа хөгжүүлэх зэрэг тэмцээний ач холбогдлоос олныг дурдаж болно. “Бороо гоулд” ХХК-ийн хувьд аюулгүйн ажиллагаан дээр онцгой ач холбогдол тавьж ажилладаг. Барууны хамгийн шилдэг гэсэн арга барил, менежментийг авч хэрэгжүүлдэг хэмээсэн юм.
Уламжлал болсон тус тэмцээнд багууд амжилт гарган оролцохын тулд жилийн турш бие хүчээ дайчлан бэлтгэл сургуулилт хийдэг гэдэг нь харагдаж байсан юм. Эрдэнэт хүний амь насыг хамгаалахын төлөө алд биеэ үл хайрлан зүтгэх нь аврагчдын бахархал. Тэдэнд цаг алдаж алгуурлах эрх байдаггүй. Осол аваараас хүн аврах ажиллагаа нарийн хугацаатай, өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг чанд сахиж ажиллах гэдэг хүнд үүрэг. Тэд сурч мэдсэнээ түргэн хугацаанд, зөв зүйтэй хийх ганцхан зам байдаг. Үүнд дадал олгох нь тэмцээний нэг зорилго гэлтэй.

Дарханы ОБХ-ийн орлогч дарга, дээд ахмад Г.Батбаяр “Бороо гоулд” ХХК-иас тав дахь жилдээ зохиогдож байгаа тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байгаагаа өгүүлээд, оролцсоноор маш олон хүний амь насыг аврах тактикаас суралцаж байна гэж хэлж болно хэмээсэн юм.

Уул уурхайн осол аваар техник хэрэгслээс бус хүний өөрийн хариуцлагагүй, салан задгай байдал, дүрэм журмаа үл хайхарснаас болж гардаг байна. Гол нь дүрэм журмыг ягштал баримтлах л учиртай. “Бороо гоулд” ХХК-ийн хаалгаар орсон хүн бүрийг согтууруулах ундаа уусан эсэхийг шалгаж байсан нь содон харагдаж байлаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртүүлсэн хүн осол гэмтэлд орох магадлал нь өндөрсдөг учир ийм арга хэмжээ авдаг байна. Мөн тус компанийн жолооч нар зорчигчдыг аваарын бүсээ зүүхийг байнга сануулж байсан бөгөөд хөдлөхдөө хоёр, ухрахдаа гурван удаа сигнал өгөх зэргээр замын хөдөлгөөнд оролцдог нь осол аваараас сэргийлсэн энгийн дүрмүүдийн нэг аж. Иймдээ ч осол авааргүй гурван жил ажилласан биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж