“Самсун Гран при”-с гурван медальтай

2015 оны 3 сарын 30

Туркийн Самсун хотноо 03.27-29-ний өдрүүдэд болсон “Самсун Гран при” тэмцээнд 67 орны 494 жүдоч өрсөлдөв. Гавьяат тамирчин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямаар удирдуулсан манай баг тамирчид тус тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг мөнгө, 60 кг-д залуу жүдоч Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар хүрэл медалийн эзэн болов.
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнгөрөгч амралтын өдрүүдэд “Рио де Жанейро” олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах ээлжит тэмцээнд оролцлоо.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Төмөрхүлэг Турк, Казахстан, Израйлын бөхчүүдийг ялж хэсгийн аварга болсон. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Абула Абдулзайлловыг ялснаар финалд шалгарсан юм. Харин финалын барилдаанд олимпийн хошой хүрэл, дэлхийн аварга Узбекстаны Ришо Собировыг барсангүй.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д 19 настай Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрээр Марокко, Турк, Израйл, Белгийн бөхчүүдийг ялж, шөвгийн наймд шалгарсан. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Орхан Сафаровд ялагдсан ч торгуулийн тойрогт Йемений Али Хоусрофыг ялж, медалийн төлөө барилдахаар шалгарсан юм. Манай бөх шийдвэрлэх барилдаанд Д.Амартүвшинг ялсан ОХУ-ын Робертыг хожиж, медалийн тавцанд зогссон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна