Дөрвөн жил тэжээж, гурван сар ашиглана

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Дөрвөн жил тэжээж, гурван сар ашиглана

Өнөөдөр Улаанбаатар хотод монгол хэлээр 31 телевизийн суваг үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн жилүүдэд тохиосон эдийн засгийн хямрал Монголын хэвлэл, мэдээллийн салбарынханд нөлөөлсөнгүй. ОХУ-д сэтгүүлчдийн 30 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, реклам өгөгчдөөс телевизэд орж ирдэг орлого 40 хүртэлх хувиар буурч, улмаар эфир, нэвтрүүлэг, сонин хэвлэлийн тоо, гаралт нь ч 3-ны нэг хувиар багассан үзүүлэлттэй байна. Гэтэл манайд эсрэгээрээ. 2008 оны сонгуулиас хойш дор хаяж 4- 5 ТВ  дампуурна гэж байсан нь батлагдсангүй. Ирэх хагас жилд дахиад 3- 5 шинэ телевиз нэмэгдэх нь тодорхой болоод байгаа. Сүүлдээ аль нь кабелийн телевиз, аль нь агаараар цацдагийг ч үзэгчид ялгахаа больж байх шиг. Хаданд хальтардаггүй баатар гэдэг шиг хоёрхон сая үзэгчтэй мөртлөө хямрал нь ч, зах зээлийн уналт нь ч, улс төрийн идэвхгүй байдал нь ч манай телевизүүдэд  нөлөөлдөггүй аж. Тэдний сум нэвтэрдэггүй хувилгаан болсны нууц юу вэ. Бүгд ижилхэн зүйлс үзүүлдэг, мэдээ нэвтрүүлгийн чанарт нь өөрчлөлт орсон зүйл үгүй, нийтлэлийн бодлогоороо ялгагдах зүйлгүй, зах зээлийн өрсөлдөөнд орж чадахгүй, өдөр хоногийг өнгөрөөсөн маягтай хэрнээ техникийн өндөр өртөг, үйл ажиллагааны зардал ихтэй телевизүүд  дэлхийг донсолгосон хямралыг ч даваад гарчихдаг.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй 31 телевизийн 10 хүрэхгүй хувь нь өөрийнхөө үйл ажиллагааны зардлыг олсон орлогоороо нөхөх хэмжээнд буюу нэмэх үзүүлэлттэй явдаг. Үлдсэн 90 хувь нь нууц эздүүдийнхээ татаас тэтгэлгээр амь зогоодог аж.  Хэвлэл, мэдээллийн салбар нь үзэгч, уншигчдынхаа сонирхлыг татсаны үндсэн дээр санхүүжилтээ олдог гэсэн аль 1950 онд тодорхой болсон барууны сэтгүүл зүйн дүрэм манай телевизүүдэд үйлчлэхгүй байгаа хэрэг. “Цэргийг зуун өдөр тэжээж, нэг өдөр дайнд явуулна” гэгчээр Монголын улс төр, бизнесийн том бүлэглэлүүд сонгуульд ашиглах гэж л ТВ  үүсгэн байгуулдаг, түүндээ зориулан хадгалсаар явдаг байна.

Эрх мэдэлд хүрснээр хөрөнгө мөнгөө хэрхэн хурдан үржүүлдэг болохыг мэддэг томчууд намдаа  хандив өгнө, телезвиз байгуулна. Эрх мэдэлд хүргэх гүүр бол нам болоод хэвлэл мэдээлэл. Олж буй мөнгө нь нэг байтугай нилээн хэдэн телевизийг тэжээчих тэнхэлтэй учир хотойгоод гар таталдаад байх хэрэггүй, мөнгөө үржүүлэх боломжийг нь ТВ бий болгож байгаа юм чинь. Доллараар бол сая саяар , төгрөгөөр бол олон тэрбумаар хэмжигдэх мөнгө хөрөнгө яригдана.  Үр дүн нь өрсөлдөх чадваргүй, ижилхэн төвшний 31 телевиз.

Нэг телевизийн  сарын орлого, зарлагыг дунджаар харуулъя.

  • Ажиллагсдын цалин: 57 ажилтан – 72.900.000 төгрөг
  • Зар сурталчилгааны орлого: 61 сая  төгрөг /Үүнээс 17 сая нь бараа/
  • Байрны түрээс, цахилгаан, ус халаалт: 8.600.000 төгрөг
  • Дамжуулан станцад өгөх татвар: 2.000.000  төгрөг
  • Нийгэм болоод эрүүл мэндийн даатгал: 7.200.000 төгрөг
  • Орлогын татвар: 4.500.000 төгрөг

Шинэ жил,  цагаан сар, мартын болоод цэргийн баяр, ажиллагсдынх нь хуримны бэлэг гэх мэт зардлуудыг оруулсангүй. Ингээд бүдүүн тоймоор сар бүр 35 сая, жилдээ 400 сая, дөрвөн  жилд тэрбум 600 сая төгрөгийн алдагдалтай ажиллах нь. Ийм телевизүүд ажлаа яаж ч явуулсан татаас авах нь тодорхой тулд хөгждөггүй, үзэгчдийн сонирхол татсан чанартай зүйл гараасаа гаргахыг зорьдоггүй. Сонгуулиар цаад эзэн нь хэн болох чиг харагдана. Үлдсэн үед нэг нэгнээсээ ялгарахааргүй иргүй мэдээ мэдээлэл, сулбагар үйл ажиллагаа. Бас нэг том ажил нь өрсөлдөгчөө намнах.  Үр дүнд нь зах зээлийн өрсөлдөөн бий болдоггүй, хэвлэл мэдээллийн салбар зогсонги байдалд оржээ. Айлд хоног төөрүүлдэг нэвтрүүлэг 2008 оны сонгуультай золгосноос хойш  цэнхэр дэлгэцээс од төрөх нь зогсож, сонин содон нэвтрүүлэг ч гарахаа больжээ. Телевизийн гол орлого болох зар сурталчилгаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь өөрсдийнхөө үйл ажиллагааг рекламдуулна гэхээсээ илүү эрх ашгаа хөндүүлэхгүйн тулд хахууль өгч орлого оруулна. 

Энэ бүхний эцэст төр цэвэршиж, авилгал хээл хахууль үгүй болж, төсвийн мөнгөөр баяжих явдал үгүй болсон цагт л  хэвлэл мэдээллийн салбар зохист урсгалдаа орох ганц зам харагдаж байгаа юм. Тэгэхээр улстөрчид сэтгүүлчдийг хараахаасаа өмнө өөрсдийгөө нэг хараарай. Ер нь Монголд хөгжиж байгаа салбар олон бий. Харин хоцрогдоод зогсохгүй, хөгжилд тээр тушаа болоод байгаа хамгийн хорлонтой хоёр салбар бол улстөр, хэвлэл мэдээлэл гээд хэн ч билээ хэлсэн байна лээ.

Сүхээ овогтой Наранбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж