С.Жавхланг харахаар…

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

С.Жавхланг харахаар…

Сүүлийн үед МУГЖ С.Жавхлан жинхэнэ монгол хүний шийр зааж зуны аагим халуунд дээл, гутал өмсч олныг үлгэрлэх болов. Хүмүүс ч түүний энэ байдалд нэг л дасаж өгөхгүй байгаа нь нууц биш. Зарим нь бүр “С.Жавхланг харахаар харшил хөдөлдөг боллоо” гэж хошигнож байна. Түүний чин хүсэл нь зүлгэн дээр гэрээн бариад зүгээр л нэг амьдрах. Монголоо гэх үзэл жинхэнэ монголоороо байх зарчим нь сүүлийн үед түүний үг хэл, үйлдэл бүрээс үнэртэх болсон. Жип унахаа болино, хауст амьдрахаасаа татгалзана, хоол идэхдээ ч халбага сэрээ хэрэглэхгүй хэмээн ярьж ухуулсаар удлаа. Сонин л сэтгэлгээ. Бас нэг жишээ л гэхэд түүний хувийн бизнес болох “Хөх нуруут” төв байна. Нэрнээсээ л авахуулаад монгол үнэр үнэртсэн түүний санал санаачилгыг олон бизнесменүүд дагавал таарна. Уг нь аль эртнээс л хэл судлаачид энэ талаар хэлж ярьсан даа. Зах замбараагүй, утга нь үл ойлгогдох эрээн мяраан хаягуудыг монголоороо орчуулъя, сольё гэж. Харин УИХ-ын суудлын төлөө өрсөлдсөнөөсөө хойш үүнийг гэнэт ухаарсан МУГЖ С.Жавхлан монголоороо ярьж “Isimuss club”-ийнхаа нэрийг өөрчилж “Хөх нуруут” болгоод байгааг сайшаамаар байна.  Уг төвийн ханан дээрх хаягаас “Ясан бөмбөг”, “Уушийн газар”, “Ардын аялгуут дуун өргөө” гэх зэрэг этгээд үгсийг уншиж болно. Мэдэхгүй хүн уншвал хятад юмуу өвөрмонгол эзэнтэй юм байна гэж бодохоор. Харин тэдгээр хүмүүст “Үгүй. Энэ жинхэнэ монгол С.Жавхлангийнх” гэж хэлмээр байна. Үүнээс үзвэл жинхэнэ монгол хэлээр ярихад өвөрмонголчуудын үг хэллэгийг сурах хэрэгтэй юм шиг ээ. Нөгөө онигоо болоод олны дунд яваад байдаг арьсан бөмбөг алгадах наадаан, үсэрч алцаганах зэрэг үг хэллэгийг өдөр тутмын амьдралдаа оруулж ирэх цаг холгүй байна. Хэн нэгэн өвдвөл “Бачим авралын төв”-ийн 103 дугаар луу утас цохиод л. Хааяа ажлын ажлаалаа тайлж “хоолон гэр”-т найз нартайгаа “зоог бариад” л. Бодвол С.Жавхлан ч гэсэн ингэж ярьдаг болсон байх. Тиймээс нэг  нь ингэж хичээж байхад нийтээрээ дэмжвэл яасан юм бэ.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж