Монгол Улс эзэнтэй гэдгийг сануулъя

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Монгол Улс эзэнтэй гэдгийг сануулъя

Монголын эрдэм мэдлэгтэй, эрүүл саруул
биетэй хамаг залуус харь улсыг зорьж боолын хөдөлмөр хийж байна хэмээн
бид халагладаг. Гэтэл сүүлийн хэдэн жил үүнээс долоон дор нэг сэдэв
сэтгэл шаналгах болов. Хүний нутагт ажил хийж яваа хүмүүс ч яах вэ.
Боломжийн цалин аваад бор зүрхээрээ л зүтгэж байгаа. Ар гэрийнхнийхээ
амьдралд нэмэр болж, гол ачааг нь энэ л хүмүүс үүрч яваа. Харин эх
орондоо харь хүний удирдлага дор ажил хийж буй хүмүүс л ёстой жинхэнэ
боол болчихоод байх шиг. Нэг хэсэг оёдлын үйлдвэрийн хятад эзэд монгол
ажилчдын цалинг өгөхгүй, эрхийг нь зөрчиж байна гэсэн шүүмжлэл
тасардаггүй байв. Зөвхөн цалин мөнгөний маргаанаар зогсохгүй эмэгтэй
ажилчдаа дарамталж, эрхэндээ оруулсан ёс бус үйлдэл ч нэг бус удаа хийж
байсан билээ. Монгол Улсад хууль дүрэм хийгээд эзэн хүн, эрх чөлөө гэж
байдгийг умартсан гадны компаниудын эзэд ёстой л дэндэнэ дэндэнэ гэхэд
арай дэндээд байсан учир иргэд олон нийт, төрийн бус байгууллагууд
эсэргүүцэл илэрхийлж, энэ асуудлыг яаралтай цэгцлэх талаар төр засагт
хүчтэй шахалт үзүүлж эхэлсэн.

Ингэснээр уг асуудал өнөөдөр нэлээд намжмал болоод байна. Өөрөөр хэлбэл,
ерөнхийдөө цэгцэрсэн гэсэн үг. Харин сүүлийн үед манай улсад албан
ёсоор болон албан бусаар хөдөлмөр эрхэлж байгаа хятад ажилчидтай
холбоотой дуулиан л их дэгдэх болсон. Бүр төрийн цагдаад хүртэл халдаж,
үндэсний үзэлтэй залуусыг ч зоддог болоод байгаа. Нийслэлийн Хан-Уул
дүүрэгт мэргэжлийн хяналтын төв лабораторийн барилга барьж буй
хятадуудтай холбоотой хэрэг өдгөө бүрэн шийдэгдээгүй халуун сэдэв
хэвээрээ байна. Үүнээс үүдээд хятад захирлуудын даналздаг эрин өнгөрч,
хар ажилчид нь давардаг цаг иржээ гэсэн дүгнэлт хийж байлаа. Гэтэл үгүй
бололтой. Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн
удирдлагууд тийм ааш авир гаргадаг болоод байна. 

Хамгийн ойрын жишээ Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа
явуулж буй хятадын “Шинь Шинь” компани. Энэ компани нь өнгөт металлийн
“Улаан”-ы ордыг түшиглэн хүдэр баяжуулах үйлдвэрээ саяхан ашиглалтад
оруулаад байгаа юм. Манайхан ямар нэгэн үйлдвэр байгуулах, ашиглалтад
оруулах бол орон даяар зарлан сүр дуулиан болдог. Харин дээрх компани
үйлдвэрээ нам жимхэн нээсэн. Магадгүй энэ нь ямар нэгэн хууль бус
үйлдлээ хаацайлах арга тактик биз. Уг нь энэ үйлдвэрийг “Эрдэнэт”,
“Бороо гоулд”-ын дараа орох хэмжээний хүчин чадалтай хэмээн мэргэжлийн
хүмүүс онцолж байгаа юм. Мөн өнгөт металлийн тогтоогдсон нөөцөөрөө
Монголд тэргүүлэх хэмжээний орд. Энэ ордын нөөцтэй холбоотой багагүй
маргаан дэгдэж байсныг бид өмнө нь мэдээлсэн. Мэдээж монголын баялгийг
ашиглаж байгаа учраас аль болох олон монгол ажиллаж, амьдралаа өөд
татахыг хүсэх нь тодорхой.

Энэ баяжуулах үйлдвэрт 310 монгол хүн ажиллаж байгаа нь чамлахаар тоо
биш боловч Засгийн газраас тогтоосон гадаад дотоод ажилчдын харьцаагаар
бол цөөн юм. Тодруулбал ажилчдын харьцаа 75:25 буюу монгол ажилчид
давамгайлах учиртай. Гэтэл тус компани нь 260 хятад ажилчин оруулж ирэн
дээрх харьцааг 40:60 болгосон байгаа юм. Энэ бол хятадууд Монголын
төрийг хэрхэн элэг барьдгийн тод жишээ. Үүгээр ч зогсохгүй тэд монгол
ажилчдын эрхийг илт зөрчдөг аж. Хятад эзэд өөдөөс нь үг хэлсэн, эрхээ
хамгаалуулах шаардлага тавьсан ажилчдыг дарамталж, ажлаас халах нь
энгийн үзэгдэл болжээ. Өнөөдөр удирдах, удирдуулах ёс гэдэг хэдэн арван
жилээр бус, сар, өдрөөр өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа. Гэтэл урд зүгийн
эрхмүүд эх оронд минь ирж их хэмжээний баялагт эзэн суучихаад эцэст нь
хаан шиг авирлаж, жирийн ажилчдаа харц шиг бөхөлзүүлж болно гэж үү.
Тэдний энэ давралыг тэвчээгүй монгол ажилчид Монголын үйлдвэрчний
эвлэлийн холбоо /МҮЭХ/-нд хандсан байна. Энэ дагуу МҮЭХ-ны ерөнхийлөгч
С.Ганбаатар, Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Отгонтунгалаг нар
бодит байдалтай нь өнгөрсөн долоо хоногт танилцаад иржээ. Тэд “Тэнд
ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал үнэхээр хангалтгүй байна. Мөн
компанийн удирдлага ажилчдынхаа эрх чөлөөнд хэрхэн халддагийг нүдээр
хараад ирлээ. Монгол ажилчид үг хэлэхээс ч эмээдэг болсон байна. Бид
зөрчлийг арилгуулах талаар зохих арга хэмжээг шат дараатай авах болно.
Эхний ээлжинд ажилчид өөрсдөө эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах анхан
шатны бүтэц болох Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан” хэмээн ярив. 
Монгол ажилчдад нормын хувцас, хамгаалах хэрэгсэл олгодоггүй учраас тэд
химийн хорт бодистой улаан гараараа харьцдаг гэж байгаа. Мөн цалингаас
нь өөр ямар нэгэн хангалт байдаггүй болохоор эзгүй хээр тэнэж яваа
“нинжа” нараас ч дор нөхцөлтэй гэмээр. Ийм том үйлдвэр байж ажилчдаасаа
хирнээс салгах саван, вок төдийхнийг харамладаг нь гайхалтай. Гэхдээ бүх
ажилчдадаа бус, зөвхөн монголчуудыг ингэж ад үздэг нь их учиртай. Тэд
үнэхээр “Монголчуудыг хэзээд дарлаж, дарамталж байя” гэсэн бодлогоор
ингэж ханддаг юм биш биздээ. Гадны хөрөнгө оруулалттай компаниудад цалин
хангамжийн ялгаа, ялгаварлаж харьцах үзэгдэл нийтлэг байдаг ч эднийх
шиг арай ингэж ханддаггүй. Жишээ нь, өнгөрсөн жил “Бороо гоулд”-ын
ажилчид ажил хаяж байхад газар дээр нь очин сурвалжилж байсан. Тэдний
хувьд проблем их байсан ч арай ингэж гадаад эздийнхээ өмнө боол шиг
бөхөлзөөгүй. Өөрөөр хэлбэл, канадчууд монголчуудыг боол шиг бөхөлзүүлж
чаддаггүй гэсэн үг. Энэ бол тодорхой хэмжээний соёлтой, ёс зүйтэй
байгаагийн илрэл. Харин хятадуудад хүний нутагт ажил явуулж, ашиг олж
байж жаахан ч гэсэн хүнлэг байх сэтгэл дутдаг бололтой. Ер нь хятад
удирдлагууд их зуумтгай. Эрхээ хамгаалуулахаар бусдыгаа төлөөлөн МҮЭХ-нд
хандсан таван ажилчныг “Шинь Шинь”-ий удирдлага аль хэдийнэ олоод
хоёрыг нь ажлаас халчихсан байгаа юм. Мөн гуравт нь “Аятайхан байхгүй
бол яаж ч мэднэ шүү” гэсэн сануулга өгчээ. Үүгээр ч зогсохгүй ажилчдын
нөхцөл байдалтай танилцахаар очсон зарим хүнд “Янз бүрийн юм яриад
хэрэггүй. Хажууд чинь дагуул байгаа шүү” хэмээн улайм цайм заналхийлсэн
үг хэлжээ. Энэ ч арай дэндэнэ ээ. Ер нь эд нар хэн юм бэ. Монгол хүн эх
орондоо ажил хийж, баялаг бүтээхийн тулд харийхны далласан газар нь ил
гарч, далайсан газар нь далд орж явах учиртай гэж үү. Цаг хугацаа эргэж,
300 жилийн өмнөх үед оччихоогүй л бол арай үгүй байх аа. Тиймээс “Шинь
Шинь”-ий уурхайн ерөнхий захирал Ванг Генг Чин, Тамгын газрын дарга Жиан
Ци Фү нарт “Энэ улсад иргэнээ өмөөрөх байгууллага, эрхийг нь хамгаалах
төр засаг, хууль дүрэм, хэлж сануулах хэвлэл мэдээлэл бүгд байдаг юм
шүү” гэдгийг дуулгая.  

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж