Жүдогийн ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Жүдогийн ДАШТ эхэллээ

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өнөөдөр хөшгөө нээлээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор хүнд жингийн барилдаанаар эхэлж, эрэгтэйчүүдийн +100, -100 кг, мөн эмэгтэйчүүдийн +78, -78 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болох юм. Тэмцээний хэсгийн барилдаанууд Монголын цагаар өглөө 09.00 цагаас эхэлсэн байна.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг улсаас нэг жинд хоёр тамирчин оролцож буйгаараа онцлогтой.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д өрсөлдөж буй Б.Сугаржаргал эхний барилдаандаа хийлсэн бөгөөд дараагийн барилдаандаа Египет болон Латвийн бөхчүүдийн ялсантай нь хүч үзэх юм. Мөн энэ жинд өрсөлдөж буй А.Давааням Италийн жүдоч Паоло Бианчесситай барилдахаар сугалаа таарчээ. Хоёр бөхийн барилдаан хараахан эхлээгүй байна.

Харин -100 кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр болон Б.Тэмүүлэн нар эх орноо төлөөлөн арлын Японыг зорьсон билээ. Тэгвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр саяхан эхний барилдаандаа Сербийн бөх Предраг Будичийг цэвэр ялсан байна. Түүнийг дараагийн барилдаанд Японы Кайхан Такаги хүлээж байгаа юм. Харамсалтай нь, Б.Тэмүүлэн эхний барилдаандаа ОХУ-ын бөх Зафар Махмадовт цэвэр ялагджээ.

Эмэгтэйчүүдийн тухайд өнөөдөр манай улсаас +78 кг-д Д.Цэрэнханд, -78 кг-д П.Лхамдэгд нар зодоглоно. Д.Цэрэнханд эхний барилдаанаа Эквадорын бөх Кармен Чалатай хийх бол П.Лхамдэгд Унгарын жүдоч Абигел Жутэй барилдах юм. Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн барилдаан хараахан эхлээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж