Монгол охин хар тамхи хэтрүүлэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Монгол охин хар тамхи хэтрүүлэн амиа алджээ

БНХАУ-ын Хөх хотод манай улсын иргэн 21 настай Ц  гэх эмэгтэй хар  тамхи  мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна.
Хар тамхи мансууруулах бодис хэрэглэж амиа алдсан гэх эмэгтэй Улаанбаатарт нэгэн их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байсан бөгөөд зуны амралтаараа тус улсад амьдардаг Хөххот руу найз охинтойгоо уулзахаар очжээ. Тэрбээр наймдугаар сарын 15-ны үеэр Хөххотод очих үедээ найз нарынхаа хамтран амьдардаг хятад эрэгтэйтэй  хар тамхи  хэрэглэж хэтрүүлснээс амиа алдсан гэнэ.  Эл хэрэгтэй холбогдуулан Хятадын хууль сахиулах албаныхан тус хотын зугаа цэнгэлийн гудамжийг хоёр хоног хаасан бөгөөд 50 гаруй монгол эмэгтэйг нутаг буцаасан байна. Мөн дээрх  эмэгтэйгээс гадна бас нэгэн эмэгтэй амиа алдсан байж болзошгүй тухай ч  мэдээлэл бий. Энэ сарын 29-ны өдөр Хятадад амьдарч буй монголчууд руу чиглэсэн төслийн ажилтнууд Эрээнд очиход тэнд суурин амьдардаг монгол охид дээрх мэдээллийг өгчээ.
Тэдний мэдээллээр өмнөд хөршид биеэ үнэлэхэд монгол охидыг зуучилдаг хэд хэдэн бүлэглэл байдаг бөгөөд тэд мансууруулах бодис хэрэглэхэд охидыг уруу татдаг байна. Тухайлбал, Эрээн хотод амьдардаг ӨМӨЗО-ны Жирэм аймгийн харьяат Хосоо, Тэгшээ, Эрдэнэ нар бүгд саун массажны газар ажиллуулдаг бөгөөд тус бүр 6-12 монгол охидыг биеэ үнэлэхэд нь зуучилдаг.

Тэдний нэг болох Эрдэнэ БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас хар тамхи хэрэглэсэн хэргээр найман жилийн хорих ял сонссон бөгөөд одоогоор  Шилийн гол аймгийн шоронд ял эдлэж буй гэнэ.  Мөн тус хотод саун массажны газраас биеэ үнэлдэг монгол охидыг үйлчлүүлэгчдээс  нэг удаа  мансууруулах бодис хэрэглэх санал тавьдаг бөгөөд хэрэв  зөвшөөрвөл үйлчилгээний хөлсөнд  нэмж  800-1000 юань нэмж төлдөг тухай эх сурвалж хэлж байна. Ер нь БНХАУ-д хар тамхи мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг  70 гаруй  монгол эмэгтэй бий гэсэн албан бус тоо ч байдаг аж.
Одоогоор манай улсын  дөрвөн монгол эмэгтэй БНХАУ-ын шоронд  хар тамхи зөөвөрлөсөн гэх хэргээр 8,12,15, бүх насаараа хорих ял сонсон ял эдлэж буй.  Харин  БНХАУ-ын нутаг  дэвсгэрт  өмнө нь  мансууруулах бодис хэрэглэж амиа алдсан, эсхүл  хэрэглэж   байгаад хууль цагдаагийнханд баригдаж ял авсан тохиолдол байхгүй гэнэ.
Монгол бүсгүй хар тамхи хэт­рүүлэн хэрэглээд амиа алдсан ту­хай эх сурвалжийн мэдээллийг Га­даад хэргийн яамны консулын газ­рын дарга Х.Ганхуягаас тод­руулахад “Бид энэ талаар Хөххот дахь консулын газарт тодруулахаар ал­бан бичиг илгээсэн. Одоогоор  хариу ирээгүй байна. Уг асуудлын та­лаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм.
Уг хэргийн талаар Улсын мөр­дөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч хошууч Л.Лхагвасүрэнгээс тодруулахад “Манайд одоогоор БНХАУ-д хар тамхи хэрэглэж амь насаа алдсан гэх албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Хэрэв ийм хэрэг гарсан бол хоёр улсын эрх зүйн гэрээ хэлэлцээрийн дагуу эхэлж Гадаад хэргийн яаманд  мэдээлэл ирнэ. Дараа нь Цагдаагийн ерөнхий газраас манайд мэдээлэх ёстой. Мөн тухайн хүн мансууруулах бодис хэрэглэсний улмаас нас барсан уу үгүй юу гэдгийг цогцсонд нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийж, шинжээч эмчийн дүгнэлтээр тогтооно. Түүнээс өмнө хар тамхи хэрэглэж нас баржээ гэж үзэх үндэслэлгүй юм” гэлээ. Гэвч үнэн хэрэгтээ үүнээс өмнө нь ч Монгол Улсын иргэд гадаад орнуудад зорчихдоо хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн хэрэгт холбогдож, ял шийтгэл авч л байсан. Харин энэ талаар хамгийн түрүүнд мэдээлэл авах, нийтэд мэдээлэх, сэрэмжлэх үүрэг бүхий Гадаад харилцааны яам, хууль хяналтын байгууллагууд хамгийн сүүлд мэдсэн байдаг нь хачирхалтай хэрэг. Олонхи тохиолдолд тэдний үгйүсгэж байсан мэдээлэл эцэстээ үнэн болж төгсдөг нь ч бас л жам. Харин хэдийд тэд энэ талаарх мэдээллийг цаг алдалгүй авдаг, иргэддээ анхаарал тавьдаг болох вэ? 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж