Д.Нямхүү, О.Ууганбаатар нар ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү, О.Ууганбаатар нар ялагдлаа

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодрох учиртай. Харин манай улсаас Ц.Наранжаргал /70 кг/, Д.Нямхүү /81 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Б.Ариун-Эрдэнэ /90 кг/, Э.Энхбат /90 кг/ нарын таван жүдоч Токиогийн татамид гарч барилдана.

Барилдаан Монголын цагаар өглөө 09.00 цагаас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 81 кг-д хүч сорьж буй манай хоёр бөх эхний барилдаанаа хийж, ялагдаад байна. А хэсэгт сугалаа татсан Д.Нямхүү Беларусийн жүдоч Алиаксандр Сциашенкатай барилдаж, цэвэр ялагдсан бол D хэсэгт сугалаа татсан О.Ууганбаатар Италийн бөх Франческо Бруеред вазари үнэлгээгээр ялагдсан байна.

Мөн 90 кг-д хүч сорьж буй Б.Ариун-Эрдэнэ ОХУ-ын бөх Кирилл Денисовтой эхний барилдаанаа хийж, вазари үнэлгээгээр ялагджээ. Мөн тус жинд өрсөлдөж буй Э.Энхбат удахгүй Грекийн бөх Михаиль Павлистай эхний барилдаанаа хийх гэж байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдөх Ц.Наранжаргал эхний тойргийн барилдаанд хийлсэн бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанд Тайванийн бөх Лай Чиа Мьяотой хүч үзэхээр болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж