Өдөр тутмын ажилд туслах PR2 робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Өдөр тутмын ажилд туслах PR2 робот бүтээжээ

Хүний амьдралын өдөр тутмын ажилд туслах чадвартай, 400 мянган ам.долларын үнэтэй робот бүтээжээ. PR2 буюу Personal Robot 2 нэртэй уг роботыг Калифорнид төвтэй Wilow Garage-ийн хамт олон бүтээсэн байна. Худалдан авах чадвартай л бол хэн хүссэн нь уг роботыг худалдан авч, өөрийн үнэнч туслахаа болгох боломжтой гэнэ. Гэрийн болоод оффисийн нөхцөлд аль алинд нь ойр зуурын ажил гүйцэтгэх чадвартай PR2 робот нь 150 см өндөртэй бөгөөд алчуур эвхэх, жижиг хог хаягдлыг түүх, хөгжим тоглуулах, шар айраг аягалах гээд аар саархан бүхий л ажлыг тун чадмаг гүйцэтгэдэг байна.
PR2 робот нь хавчигч бүхий хоёр гартай, бүх чиглэлд чөлөөтэй эргэх зөөврийн суурьтай, их бие нь бүрэн мэдрэгчтэй гэнэ. Түүнчлэн их биеийн дотор талд хоёр компьютер суурилуулсны нэг нь гэхэд л найман цөмт процессортой, 24GB RAM-тай, лэптопт ашигладагтай адил 16 ширхэг баттерейтай аж. Мөн толгойны хэсэгт хоёр ширхэг стерео камер байрлуулсан бөгөөд нүдийг нь яг л хүний нүдтэй адил ажилладаг байхаар тохируулжээ. Түүнчлэн лазер сканнер нь аливаа биетийг 3D хэлбэрээр дүрслэхэд туслах учир ойр орчныхоо аливаа зүйлтэй мөргөлдөхгүй, баримжаа сайтай болж байгаа юм.
PR2 робот баттерейныхаа тусламжтайгаар бүрэн хүчин чадлаар нь ашиглахад хоёр цагийн турш цэнэгээ барих гэнэ. Түүнчлэн тогонд залгаж цэнэглэж байх хугацаандаа роботоо ашиглах боломжтой юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж