Монголчуудын сэтгэл зүйг бэлтгэх гадныхны маркетинг

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Монголчуудын сэтгэл зүйг бэлтгэх гадныхны маркетинг

Олон улсын томоохон байгууллагууд, тэр дундаа уул уурхайн компаниудад үйл ажиллагаа явуулах тухайн улсынхаа нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх гэж нэг том ажил бий. Ямар нэгэн эрсдэл, аюулгүй ажиллахын тулд тэд үүнд чамгүй хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэхдээ уул уурхайн компаниуд өөрсдөө энэ ажлыг зохион байгуулж байгаа гэдэг нь олон нийтэд мэдэгдэх ёсгүй. Дандаа тэс хөндлөнгийн байгууллага, хүмүүсээр хийлгэнэ. Зөвхөн энэ ажлыг гардаж хийдэг бүхэл бүтэн корпораци, мэргэжилтнүүд хүртэл бий болсон. Мөн донор гэгдэх олон улсын байгууллагууд үүнийг чадварлаг гүйцэтгэнэ. Монголчууд бид  байгалийн асар их баялагтай оронд төрсний буянаар “Олон улсын” гэх тодотголтой эрдэмтэн мэргэдээр хангалттай “хи­чээл” заалгаж байна. “Хариуцлагатай уул уурхай”, “Байгаль орчны тогтвортой менежмент”, “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уул уурхай” гээд л гоё гоё нэртэй семинар зөвлөгөөн өдөр алгасахгүй болж байгааг уншигч та анзаарч байгаа байх. Манайхан угаасаа уул, усандаа шүтлэгтэй, байгаль дэлхийтэйгээ хүндэтгэлтэй харьцдаг өвөрмөц зан заншилтай ард түмэн учраас  нэлээд нямбай үзэхгүй бол болохгүй нь тодорхой. Ер нь сүүлийн үед уул уурхайн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр энэ сэдвийг тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл тасрахаа байсан. Бүр буу шийдэмдээ тулсан хэрэг ч мандаад авлаа. Тиймээс манай улсад уул уурхайн томоохон төсөл эхлүүлэх гэж байгаа гадаадын компаниуд ийн ул суурьтай хандахаас ч аргагүй бололтой. Зөв­хөн гадаадын гэлтгүй до­тоо­дын компаниуд ч энэ аргыг хэрэглэх нь бий. Тэгэх­гүй  бол хол явахгүй шүү дээ. Гэхдээ сургалт бүр өөр агуулга, зорилготой. Нэг хэсэг нь иргэдийн сэт­гэл зүйг бэлтгэхийг чухал­чилж байхад нөгөө нь ком­паниудын эсрэг босдог ир­гэний хөдөлгөөнүүдийг ор хөнжилдөө оруулах үүрэгтэй. Ингээд өнгөрсөн хугацаанд болсон зарим сургалтын агуулга болон үр дүнгийн та­лаар дурьдая.

Нэг жишээг тод санаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас сан­хүүжүүлдэг “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөл­дөх чадвар” төслөөс сэт­гүүлч­дэд зориулан “Уул уурхайн маргааныг эв зүйгээр зохи­цуулах нь” сэдэвт сургалт явуулсан юм. Сургалтыг Перу улсын иргэн, уул уурхайн ахлах зөвлөх Рена Гуендуез хэмээх 40 орчим настай эмэг­тэй удирдсан. Түүний сургалтын гол агуулга нь аливаа маргааныг хурцадмал байдалд хүрэхээс нь өмнө шүүхийн бус аргаар шийдэх тухай байлаа. Шүүхийн бус арга гэдэг нь төр засаг болоод иргэний нийгмийн бай­гууллага, хөрөнгө оруу­лагчдын харилцан ойлголц­лын тухай ойлголт юм. Сур­галт удирдсан хатагтай “Мар­гааныг яаран шүүхэд шилжүүлбэл хэн хэн нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирох эрсдэлтэй” гэсэн өгүүл­­бэрийг маш олон удаа хэлж билээ. Тухайн үед гад­ны хөрөнгө оруулалттай хэд хэдэн компани манай Засгийн газартай шүүхдэлцэж бай­сан. Хэдийгээр “Эв зүйгээр шийдэх” гэдэг нь аятайхан сонсогдож байгаа ч тийм шалгарсан арга мөн гэж үү. Эргэлзээтэй л асуулт. Асууд­лыг нааштайгаар шийдэх бус, харин ч авлига хээл ха­хуулийг үндэс болмоор са­нагдана. Ийм жишээ ч бий. Олон нийтийн эрх ашиг ярьж, цээжээ дэлдэх дуртай иргэний хөдөлгөөнийхөн асуу­далтай компаниудтай “явалдаж” амаа таглуулсан нь зөндөө. МҮЭХ-ны ерөн­хий­лөгч С.Ганбаатарын бай­гуулж асан “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн энэ тал дээр тун ч овсгоотой. Тэд­нийг олон нийтийн эрх аш­гийн талаар эхлээд нэг чан­га дуугарчихаад дараа нь том том компаниудтай харилцан тохиролцож, ханцуй дотроо наймаалцаж явдаг хэмээн шүүмжлэх хүн олон. Гудамжнаасаа жаахан холдож, ахиухан мөнгө олж үзээгүй зарим хөдөлгөөний удирдагч “Эрс шинэчлэлийнхэн уул уурхайн компаниудын ивээлээр ойр ойрхон Канад, АНУ руу яваад байна” хэмээн атаархана. Атаархахаас ч аргагүй шүү дээ. Адилхан л Сүхийн талбайг тойрон гороолж явсан андууд нь гэнэт ингэж томрохоор хэнд ч сонин санагдана. Мөн өнгөрсөн хавар “Бороо гоулд” компанийн уурхайчид ажил хаяж, бөөн дуулиан дэгдээсэн. Энэ үед “Бороо гоулд” бужигнаад булхай зальхай байдаг юм бол илэрчихээсэй гэсэн хүлээлт олон хүнд байсан нь нууц биш. Тус компанийн үйл ажиллагааг шүүмжилсэн хүмүүс “Хорин сайхан шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэж үү” гэдэг шиг л халаглацгааж байв. “Бороо гоулд” компани байгаль орчин химийн хорт бодисоор бохирдуулаад 40 тонн алтыг маань татваргүй аваад явчихлаа” гэсэн бараан мэдээ тухайн үед хэвлэлийн хуудаснаас салаагүй. Ажил хаясан уурхайчид ч өөрсдийн ажлын байран дахь эрх ашгийн зөрчлөөс илүү эх орны эрх ашиг ярьж, компанийн үйл ажиллагааг буруутгасан мэдээлэл түгээж байсан. Гэвч хэсэг бужигнаж байгаад “эв зүйгээ” олсон юмдаг. Ажил хаясан хүн тус бүр сая төгрөг бэлнээр аваад зогсохгүй цалингаа үе шаттайгаар нэмүүлэхээр болсон. Тэднийг ийнхүү “эв зүйгээ” олоход өнөөх л “Эрс шинэчлэл”-ийн сайн залуус үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг . Тэгэхээр “Эв зүйгээр зохицуулах” гээч нь аль аль талдаа тун үр дүнтэй арга байгаа биз.

Саяхан бас хоёр ч үе шаттай томоохон сургалт болсон. Сэдэв нь “Уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлага, нутгийн иргэдтэй үр дүнтэй хамтран ажиллах”. Энэ нэлээд тодорхой өнцөгтэй сургалт байсан. Зорилтот бүлгээ Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг болон явуулах гэж буй уул уурхайн компаниуд, тус аймгийн иргэний нийгмийн байгууллагууд гэж тодорхойлсон байсан. Бас л нэг “ойлголцох” аргын тухай сургалт. Тэд их гоё юм ярьцгаадаг. Тэдэнд төр нэг их сонин биш. Харин иргэд, иргэний нийгмийнхэнтэй л учраа ололцож байвал болдог бололтой. Ер нь уул уурхайн компаниуд нутгийн иргэд болон иргэний нийгмийнхэнтэй тойрч сууж байгаад л асуудлыг шийдчихдэг  бол төр засаг гэж байхын хэрэг байна уу. Аливаа үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах, хяналт тавих үүрэг бүхий төрийн институци байсаар атал заавал өөр давхар бүтэц байгуулах шаардлагатай гэж үү. Үнэндээ уул уурхай өндөр түвшинд хөгжсөн орнуудад ийм механизм тэр бүр байдаггүй. Асар их туршлагатай гэж бидэнд гайхуулах дуртай канадчууд л гэхэд хаа байсан 15 жилийн өмнөөс ийм бүтэц байгуулах талаар ярьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл бүтээгүй байна. Харин Австралид төрийн болон төрийн бус байгууллага, компанийн төлөөллөөс бүрдсэн омбудсмэн маягаар ажилладаг юм билээ. Энэ бүтэц нь уул уурхайн төслүүдийг эхлэхээс дуусах хүртэл бүх л шатанд хяналт тавьж, хамтран шийдвэр гаргадаг нэлээд том эрх мэдэлтэй юм. Манайхан шиг хувийн ашиг сонирхлын үүднээс өөрсдийгөө иргэний хөдөлгөөн гэж нэрлэсэн хэсэг бүлэг хүмүүсээс огт өөр.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж