Lady Gaga-гийн найз залуу түүнийг шүүхэд өглөө

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Lady Gaga-гийн найз залуу түүнийг шүүхэд өглөө

Дууны үг зохиогч, хөгжмийн продюсер Rob Fusari дуучин Lady Gaga-гийн экс найз залуу байжээ. Тэрбээр Lady Gaga-г анх гарж ирэхэд түүнд их тусалж, хит болсон дууны үгийг нь хамт бичилцэн тэр бүү хэл Gaga-гийн “The Fame” цомогт хөрөнгө оруулалт хийж байсан аж. Тэд хамтдаа Lady Gaga-гийн “Paparazzi” дууны үгийг зохиож байсан гэнэ. Lady Gaga-гийн нэр хүнд сүүлийн үед их өсч, цомгийн борлуулалт ихэссэн боловч Ron Fusari-д ашиг орлогоосоо хувь ноогдуулаагүйд тэрбээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Rob Fusari-ийн батлан хэлж байгаагаар Gaga орлогоо хуваалцахыг хүсээгүй гэжээ. Хэвлэл мэдээллийн эх сурвалжийн мэдээлснээр Грэммийн шагналт дуучингаас экс найз залуу нь 30.5 сая ам.доллар нэхэмжлэн, шүүхэд өгчээ. 2006 оны гуравдугаар сард Gaga-гийн гэр бүлийн нэр болох Stefani Germanotta-д хөрөнгө оруулалт хийсэн гэсэн хууль ёсны баримт бичиг байгаа аж. Rob Fusari нь Lady Gaga гэх тайзны нэрийг нь хүртэл дуучин бүсгүйд санал болгосон байна. Тэд хувь нийлүүлж, “Team Love Child” нэртэй компаниа 2006 оны тавдугаар сард байгуулж байсан ажээ. Gaga найз залуу Fusari-даа оюуны өмчийн шимтгэл гэж нэг дуунаас олсон ашиг орлогынхоо 20 хувийг өгөхөөр гэрээ хийцгээж, харилцан тохиролцсон байна. Lady Gaga-гийн “The Fame” цомог зөвхөн АНУ-д гэхэд л гурван сая хувь борлогдсон. Гэтэл Gaga түүнд дөнгөж 611,000 ам.доллар өгч байжээ. Харин Fusari энэ бүхнийг шударга биш хуваарилалт гэж үзсэн байна. 2006 оны тавдугаар сард тэд “Interscope Records” дуу бичлэгийн студитэй хамтран гэрээ байгуулан ажилласан бөгөөд түүнээс хойш нэг их удалгүй Lady Gaga-гийн дуунууд хөгжмийн жагсаалтыг тэргүүлэх болсноор дуучин бүсгүй зангаа хувиргаж, түүнээс салсан гэж эх сурвалжууд мэдээлдэг.

Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж